01/05/2024
Ielts бол их зальтай нөхөр бөгөөд та яаж ч тонгоруулж мэднэ, бэлтгэлгүй бол шүү дээ. Ямартай ч хамгийн сүүлд өгөхдөө түүний өмнө авсан оноогоо авчих байлгүй дээ гэж додигор ороод 7.0 оноо авч яриан дээрээ 6.0 гэсэн оноогоо хараад давхар шоконд орсоноо л санаад байна.
За тэнд юу болсоныг эргэн санавал, тэр 8.0 авсанаас жилийн дараа гадаадад ирээд 4 сар өнгөрсөн байсанаа би тэртэй тэргүй өдөр тутам дадлага хийж байгаа тул сайжирсан байгаа гэж бодсон бардамнал байсан бөлгөө. Тэгээд урьд нь бэлддэг байсан ярианы шалгалтын асуултуудаа хальт бэлдээд, тэр дундаасаа хэдэн асуултыг энэ хэзээ ирж байлаа гэж орхисон байв. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр:
Describe any law which you like,
-explain what law that is
-how you will follow it
-what you like the most about it
гээд гэгээн дүрээрээ ороод ирж байгааг хараад л сандрал. Яг л минийн харсан мөртлөө бэлдээгүй асуулт. За тэгээд одоо бодохноо их л хөшүүнээр гэр бүлийн тухай хууль бол сайн хууль мөн, учир нь болбоос хүүхдийн эрхийг хамгаалдаг энэ тэр гээд төөрөөд явчихад минь шалгагч маань урам хугарсан гэгч нь харж байсныг л санаж байна даа хөөрхий.
Санаа нь гэвэл, IELTS бол тактик болон бэлтгэлийн үр дүнд оноогоо авах боломжтой шалгалт. Бэлтгэл гэдэгт дор хаяж 2 сар ба түүнээс дээш тогтмол бэлтгэхийг, түүний үр дүнд өөрөө өөрийнхөө 4 чадвараа бүгдийг нь эхнээс нь энэ шалгалтанд зориулаад өнгөлж, урьд цуглуулсан мэдлэгээ хэлбэрт оруулж зүлгэж давтахыг, ямар ч асуултанд бүдрэлгүй түүртэлгүй хийдэг болохыг хэлээд байгаа юм. Түүнээс биш таагаад, азаа сориод эсвэл өөртөө найдаад, гайгүй байлгүй дээ гээд орвол мөнгө, цаг хугацааны л гарз болох болно.
Одоо бодоход би бэлдсэн бол тэр асуултанд тамхины тухай хуулийг дурьдаж, хэдийн хожим хэрэгжсэн ч ямар ач холбогдолтойг, хүн бүхний амьдралд ямар сайн нөлөө үзүүлсэнийг жишээтэй нь яриад ураад хаях боломж байсан харагдана.
Ярианы шалгалтын 58 сэдэв гээд энэ нэг материалын асуулт бүр дээр ингэж яривал зүгээр гэснээ нэг бүрчлэн бичиж байгаад түүнийгээ өөрөө өөртөө ярьж өгч утсан дээрээ бичлэг хийж хэр сайжирч байгаагаа хянаад явсан тэр удаа боломжийн сайн оноо авч билээ.
Хийгээд байгаарай, гэхдээ системтэй хйих нь, өөринхөө явцыг хянаж эргэн эргэн давтаж хийх нь чухал шүү IELTS хашраагчид минь ээ.