17/05/2026
📰 АНУ-ын Визний Бондын талаар
2026 оны 4-р сарын 2-ноос АНУ-ын Төрийн департамент Монгол паспорт эзэмшигчдэд B-1/B-2 (аяллын болон бизнес) виз олгохдоо шинэ нөхцөл тавьж эхэлсэн билээ. Энэ нь хаанаас визэнд орох нь хамаагүй ба Монгол улсын паспорттой л бол энэ журамд хамрагдах юм.
Энэ журам эхэлснээс хойш манай агентлагаар мэдүүлсэн үйлчлүүлэгчид мөн барьцаа тавихыг шаардагдсан байгаа.
Бонд гэж юу вэ?
Виз Бонд нь буцаагддаг мөнгөн барьцаа юм. Виз эзэмшигч АНУ-ын дүрэм журмыг сахин хугацаандаа гарвал мөнгө бүрэн буцаагдана. Бондын хэмжээг $5,000, $10,000, эсвэл $15,000-ын аль нэгээр тогтоох ба тухайн дүнг консулын ажилтан ярилцлагын үед шийдвэрлэнэ.
Манай үйлчлүүлэгчид $5,000 болон $10,000-ыг барьцаа тавих нөхцөл тавигдсан ба Японоос мэдүүлсэн үйлчлүүлэгчид амжилттай визээ авсаар байна. Монголоос мэдүүлсэн зарим үйлчлүүлэгчид бондоо төлөхгүйгээр энэ удаа аяллаа хойшлуулах болсон.
Виз бонд төлсөн тохиолдолд олгогдох визний нөхцөл
Бонд төлж виз авсан тохиолдолд дараах хязгаарлалттай. Виз нь нэг удаагийн орох эрхтэй (single entry), хүчинтэй хугацаа нь зөвхөн 3 сар, АНУ-д байх дээд хугацаа нь 30 хоног. Бонд төлсний дараа ч татгалзах тохиолдол байна.
Төлбөрийн процесс
Бондыг ярилцлагын дараа консулын ажилтны зааврын дагуу л төлнө. АНУ-ын Сангийн яамны албан ёсны Pay.Gov системээр төлбөр хийгдэх ба гуравдагч этгээдийн вэбсайт ашиглах нь хатуу хориотой. Ярилцлагаас урьдчилаад төлсөн мөнгийг буцаан олгохгүй.
Бонд хэзээ буцаагддаг вэ?
Бонд автоматаар буцаагдах нөхцөл гурван хэлбэртэй. Нэг, виз эзэмшигч хугацаандаа АНУ-аас гарсан тохиолдолд. Хоёр, виз хүчингүй болтол АНУ руу огт аяллаа эхлүүлээгүй тохиолдолд. Гурав, АНУ-ын боомтод нэвтрүүлэхгүй татгалзсан тохиолдолд.
Бонд төлөхөөс татгалзвал юу болох вэ?
Бонд төлөхөөс татгалзах нь визний татгалзал (refusal) биш юм. Тиймээс өргөдөл гаргагч хүн дараа дахин виз мэдүүлэх боломжтой. Гэхдээ дахин мэдүүлэхдээ шинэ DS-160 маягт бөглөх, шинэ MRV хураамж төлөх, өмнөх өргөдлийн талаар үнэн зөвөөр тэмдэглэх шаардлагатай. Өмнөх кейсийг нуувал худал мэдээлэл өгсөн гэж тооцогдон байнгын виз хориглол үүсэх эрсдэлтэй.
Албан ёсны эх сурвалж
Дэлгэрэнгүй мэдээллийг travel.state.gov, U.S. Embassy Mongolia (mn.usembassy.gov) сайтуудаас үзэх боломжтой.
Future Japan нь Японоос болон Монголоос мөн Энэтхэг, Непал, Герман зэрэг улсуудаас АНУ-ын виз мэдүүлсэн бодит туршлагатай.
Дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол DM-ээр холбогдоно уу.