25/08/2026
🇲🇳🇩🇰 МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛСЭН БИДНИЙ АЖИЛ ДАНИЙН ХЭВЛЭЛД
Өглөөг сайхан мэдээгээр эхлүүллээ. 😊
Дани–Монголын хамтын ажиллагааны хүрээнд НТС ТББ-ын хэрэгжүүлж буй хоршооны чадавх бэхжүүлэх ажил Данийн Dansk Mongolsk Selskab-ийн хэвлэлд нийтлэгдэж, Монгол Улсын “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдсан бодит туршлага болгон онцолжээ.
Нийтлэлийн гол санаа нь нэг зүйл дээр төвлөрсөн байна.
Хоршоог зөвхөн санхүүжилтээр дэмжих хангалтгүй. Хоршоог байгуулж, тогтвортой удирдаж, гишүүдээ нэг зорилгын дор хамтран ажиллуулах мэдлэг, ур чадвар хамгийн чухал.
Монгол Улсад 2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдыг хоршоолох, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамруулах томоохон ажил эхэлсэн. Харин шинээр байгуулагдсан хоршоод цаашдаа бодитоор үйл ажиллагаа явуулахын тулд засаглал, менежмент, гишүүдийн оролцоо, хамтын ажиллагааны ур чадварыг зэрэг хөгжүүлэх шаардлагатай байгааг нийтлэлд хөнджээ.
Энэ хэрэгцээнд үндэслэн Данийн CISU байгууллагын санхүүжилттэй, Дани–Монголын нийгэмлэг болон НТС ТББ-ын хамтарсан 14 сарын төсөл хэрэгжлээ.
Төслийн хүрээнд Улаанбаатар хот дахь НТС-ийн төвд 10 өдрийн эрчимжүүлсэн сургагч багшийн сургалт зохион байгуулж, НТС-ийн төв болон орон нутгийн 9 салбараас нийт 20 оролцогч хамрагдсан.
Эхний 5 өдөр хоршооны үндэс, олон улсын хоршооллын түүх, дэлхийн сайн туршлагуудыг судалж, дараагийн 5 өдөр Монголын нөхцөлд хоршоог хэрхэн байгуулж, удирдах практик мэдлэг, арга зүйд төвлөрсөн.
Энэ ажлын нэг том үр дүн нь НТС-ийн хоршооны чиглэлээр бий болгож буй мэдлэг, чадавхыг төрийн түвшинд анзаарч эхэлсэн явдал байлаа.
НТС-ийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газрын хоршооны асуудал хариуцсан түвшний уулзалтад оролцож, шинээр байгуулагдаж буй хоршоодын удирдлага, үйл ажиллагааг тогтвортой болгоход сургалт, чадавхжуулалт зайлшгүй хэрэгтэй талаар санал солилцсон тухай Данийн нийтлэлд онцолсон байна.
Бидний хувьд энэ бол зүгээр нэг сургалт, нэг удаагийн төсөл биш.
Санхүүжилт бизнесийг эхлүүлж болно.
Харин мэдлэг, менежмент, хамтын ажиллагааны соёл л түүнийг тогтвортой авч явдаг.
Монголд хийж байгаа жижиг мэт ажлууд маань алс холын Дани улсад ийнхүү бичигдэж, олон улсын хамтын ажиллагааны бодит үр дүн болон үнэлэгдэж байгааг харах сайхан байна. ❤️
Цаашдаа ч хоршоодыг зөвхөн “байгуулах” бус, бие даан ажилладаг, эдийн засгийн бодит үр өгөөжтэй байгууллага болгон хөгжүүлэхэд мэдлэг, туршлагаа зориулах болно.
🇲🇳🤝🇩🇰
НТС ТББ