25/08/2026
🚨 Suzuki-ийн түүхэн шинэ хуудас: Анхны бүрэн цахилгаан Kei загвар "e-Sky" загвар мэндэллээ! ⚡️🚗
Suzuki брэнд өөрийн 110 жилийн түүхэнд нэгэн шинэ хувьсгал хийж, анхны хөнгөн ангиллын суудлын цахилгаан автомашин (Kei-EV) болох "e-Sky" загвараа албан ёсоор танилцууллаа. "Alto" болон "Wagon R" зэрэг бидний сайн мэдэх домгуудын үргэлжлэл болсон энэхүү шинэ загвар нь "Easy to Switch!" буюу хэрэглэгчдийг уламжлалт автомашинаас цахилгаан руу ямар ч төвөггүй, хялбар шилжих боломжийг олгох эрхэм зорилготой юм.
🔹 "e-Sky" загварын онцлох давуу талууд:
🔋 Гайхалтай хэмнэлт: Ердөө 26 кВт.ц (kWh) багтаамжтай батерейгаар бүрэн цэнэгээрээ 310 км зам туулна. Энэ нь ангилалдаа хамгийн шилдэг буюу 1 кВт.ц цахилгаанаар 12 км туулах өндөр үзүүлэлт юм.
⚙️ Дэвшилтэт технологи: Suzuki дотооддоо анх удаа овор багатай цахилгаан тэнхлэг (e-Axle) зохион бүтээж, BYD компанийн урт насжилттай, найдвартай LFP батерейг шалны хэсэгт байрлуулж аэродинамик болон бат бөх чанарыг сайжруулсан.
🚙 Ухаалаг загварчлал: Агаарын эсэргүүцлийг багасгаж, цахилгаан зарцуулалтыг сайжруулахын тулд хэт өндөр кузовоос татгалзсан. Энэ нь зөвхөн Япон гэлтгүй дэлхийн зах зээлд экспортлоход төгс нийцэх хэмжээ болсон.
💡 Яагаад заавал e-Sky гэж?
Ерөнхий инженер Цүбатагийн онцолсноор, энэхүү автомашин нь EV гэдгээрээ гайхуулахаас илүүтэй "Хүмүүсийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр, бодит хэрэгцээг хангах унаа" байхаар бүтээгджээ. Бензин хөдөлгүүртэй машинаас шууд шилжиж унахад ямар ч өөрчлөлт мэдрэгдэхгүйгээс гадна, анхны хөнгөн EV гэдэг утгаараа үнийн хувьд ч хэрэглэгчдэд хамгийн боломжийн байхаар зорьсон байна.
Энэ оны 11-р сард Японы зах зээлд анх худалдаанд гарах "e-Sky" нь цаашид Европын стандартуудад нийцэн олон улсад гарах зорилготой бөгөөд Suzuki-ийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох түүхэн загвар болж байна.