24/03/2021
Алт – (Аu)
(о. золото, а. gold)
Алт нь зөөлөн тод шар, хүнд төмөрлөг. Нягт нь 19320 кг/м3, хайлах температур 1046.5°С. Алтны уян болон давтагдах чанар нь бусад бүх төмөрлөгөөс илүү байдаг. 1гр алтыг 1м2 талбайтай болтол нь нимгэн болгож давтаж болно. Алт маш сайн өнгөлөгдөнө. Алт химийн хувьд идэвхигүй сул ба хатуу хүчилд уусахгүй, ердийн нөхцөлд хүчилтөрөгч, хүхрийн нөлөөлөлд орохгүй, байгалийн ус агаарын нөлөөнд зэврэхгүй. Алт давсны болон азотын хүчилд уусахгүй хирнээ (тэдгээрийн 3:1 хольц НCl+НNО3) хаан дарсанд амархан уусна. Мөн зарим элемент нэгдлүүдтэй алт урвалд орно.
Алт нь валютын үндсэн төмөрлөгт тооцогддог учраас эдийн засагт ихээхэн чухал үүрэгтэй. Техникт алтыг бусад төмөрлөгүүдтэй хольж хайлш болгож ашиглана. Нисэх онгоц, сансрын техникт зарим ойлгогч, цахилгааны контакт, дамжуулагч эд анги хийхэд хэрэглэх ба радио төхөөрөмжүүдэд хэрэглэнэ. Цахим техникт германи, инди, гафни, цахиур, цагаан тугалга, зэргийг оролцуулсан алт бүхий контактуудыг хэрэглэнэ. Алтны нилээд хувь нь үнэт эдлэл хийхэд зориулагдана. Алтыг анагаах ухаанд хэрэглэх ба түүний 198Аu цацраг идэвхт изотопыг хавдрын шинжилгээнд ашиглана. Алтны кларк 4.3·10-7 %.
Байгальд шижир алт хэлбэрээр болон мөнгөтэй холимог электрум, зэстэй холимог купроаурид, цагаан алттай холимог хатуу уусмалын хэлбэрээр оршино. Калаверит АuТе2, монтбрейт АuТе3 зэрэг теллурид хэлбэрээр оршдог. Ховор боловч алт мөнгөний сульфид болох унтенбогардит Аg3АuS2 тохиолдоно.Үйлдвэрлэлийн ач холбогдлоор шижир алт чухал байр суурийг эзэлдэг. Кюстелит (Аu=10-20%), калаверит АuТе2, (Аu=10-43%), креннерит (АuАg)Те2 (Аu=40%), сильванит Аg2АuТег2(Аu=25%) зэрэг эрдсүүд хоёрдогч байр суурийг эзэлдэг. Купроаурид АuCu2, родит Аu, Rh, пропецит An, Pd, ауростибат АuSb2, мальзонит Au2Bi, эотенбогардеит Аg3АuS2 гэх мэт маш ховор тохиолдох алт агуулагч эрдсүүдийг олборлодог. Алтны хүдрийн олборлолт боловсруулалтын дагалдах бүтээгдэхүүн мөнгө, зэс, хар тугалга, цайр, висьмут, хүнцэл, сурьма, теллур, мөнгөн ус, вольфрам, цагаан тугалга, кобальт, диц, зэрэг элементүүд байдаг. Алтны ордыг дотор нь шороон (шижирмэг) орд ба үндсэн орд гэж хуваана. Шороон орд нь тунамал хурдас, үндсэн орд нь давхрага, мэшил, үүр, судал, судланцар, штокверк, хэлбэрийн биет үүсгэдэг. Алтны шороон ордод ил аргаар, хүдрийн ордод ил ба далд аргаар ашиглалт явуулж олборлолт хийнэ. Шижир алтыг зонхилж гравитацийн аргаар ялгаж авдаг. Нунтаг жижиг ширхэгтэй нимгэн хуудаслаг алтыг гравитацийн аргаар ялгахад хаягдал их гардаг. Алтыг уусгаж, ангижруулах аргыг өргөн хэрэглэнэ. Уусгалтанд цианидууд, теосульфат, зэргийг ашиглана. Алтыг амальгамацийн аргаар мөнгөн усанд шингээж дараа нь ялгах байдлаар гаргаж авах практик бий.
Эх сурвалж: ЭРДСИЙН БАЯЛАГ, ТҮҮНИЙ ТӨРӨЛ ЗҮЙЛ, ХЭРЭГЛЭЭ БА ҮЙЛДВЭРЛЭЛ НОМ. ЗОХИОГЧ С. ЦЭДЭНДОРЖ