26/01/2025
Мичидийн тухай миний мэдэх зүйлс...
МИЧИД ОДОН ЗУЛЗАГАЛАДАГ
Ингэхэд тэнгэрийн од яахаараа “төрдөг”, “зулзагаладаг” билээ.
Мичид нь энгийн нүдэнд атгаад тавьчихсан мэт ойрхон зайтай 6 од харагддаг. “Зургаан мичин” гэдэг шүү дээ. Харин зарим жил тэр 6 одны доохно талд нэг бяцхаан од гялалзаж харагдаад эхэлнэ. Яг зулзага шиг. Долоодахь од харагдаж байна гэсэн үг.
Хааяа дэлхийн зарим бүс нутгуудад өвөлд агаар мандал онцгой хуурайшдаг, тийм үед мичидийн 7 дахь од харагддаг гэнэ. Ингэж одон орончид нь хэлээд байгаа юм.
Хуурай агаартай үед тэнгэр тунгалагшиж, одод илүү тод харагдах нь ойлгомжтой. Яагаад монголын тэнгэрт одод нь илүү тод гялалздагийн учир ч энэ манай агаар мандлын хуурайтай холбоотой. Далайн эрэг хавийн, эсвэл хур чийг ихтэй нутгуудын тэнгэр ямаршуу байдгийг бид мэднэ.
Мэдээж хэрэг хуурай агаартай байгаа нь цас, чийг бага байгаагийнх. Чийг чийгээ татдаг гэдэг. Цас чийг бага бол дулаахан, өнтэй өвөл болно.
Тэгэхээр Мичид зулзагаласан жил гэдэг ойлголт нь Шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь ээ. Зарим нутагт "Мичид даагалах" гэдэг юм байна. (Өмнөговь, Гурвантэс сум)
“Мичид зулзагалах”-аар онцгой дулаахан өвөл болдог гэдэг. Тийм өвлийг “Өнтэй өвөл” гэнэ. “Өнтэй сайхан өвөлжиж байна уу” гэж мэндэлдэг нь хамгийн сайхнаараа дулаахан тухтай өвөлжиж байна уу гэсэн санаа. Ийм сайхан өнтэй өвөл хүний нэгэн насанд нэг хоёроос илүү тохиодоггүй юм гэнэ билээ. Тиймээс л “Мичид зулзагаласан жил”-ээр он цагийн баримжаа авч “Мичид зулзагаласан жил”-ийн хойтон, эсвэл дараахан гэх мэтээр ярина
МИЧИД ГУУ МӨРГӨХ
Намрын тэргүүн сарын 20-оор тэнгэрт үзэгдэж эхэлсэн мичид одон намаржин, өвөлжин, хаваржин тэнгэрээр тэнэж, сартай элдэв янзаар учир ургуулсаар, зуны эхэн сарын 3-ны үед хальт харагдаад дахиж харагдахгүй хэсэгтээ алга болчихдог. Ийн үзэгдэхгүй болохыг “Мичид гуу мөргөх”, “Мичид жилийх” ч гэнэ. Жилийх гэдэг нь алга болох гэсэн утгатай. “Гуу мөргөх” нь чухам ямар утгатайг мэдэхгүй юм, шашин шүтлэгтэй холбоотой байж магадгүй.
Мичид тэнгэрт үзэгдэхгүй байвал зуны сар хэвээр гэнэ. Бүр өвс ногоо таг гандчихсан байсан ч зуны улирал дуусаагүй гэсэн үг. Зуны эхэн сард хүртэл хуурай ган болоод ганддаг. Ган болоод хатсан өвс газрын өнгө зэвхий саарал, харин жамаараа намар болоод гандаж хатсан өвс, газрын өнгө хул шаргал.
МИЧИД БА ХАР ЧИЙГ
“Мичид гарчихаж, хар чийг буух нь. Хөлстэй морио сайн сойж байж тавиарай” гэх үгийг хэн нэгэн сонссон байх. Хар чийг гэж нэг юм байна. Үүрийн хяруу биш. Тэр хар чийг зөвхөн Мичид тэнгэрт үзэгдсэнээс хойш үдшээр буудаг. Тийм үед хөлстэй морийг сойж, хөлсийг нь хатааж байж тавихгүй бол өлөг суучихдаг. Жилбэн гүйнэ, жилбэнтэнэ ч гэнэ. Нуруу нь идээлж хавдаад сүйд болно. Доголж, бас ногоон нус цувж, эцэж турна. Малын эмч нар сайн мэднэ дээ.
Намрын хар чийг, нэг тийм жихүүцэм нойтон хүйт даасан мэдрэмж. Мичид гарахаар л хар чийг буудаг гэхээр энэ хоёр холбоотой байх нь.
Зун гуу мөргөөд, жилийгээд одчихсон Мичид одон эргээд тэнгэрт харагдаад, үдшээр хар чийг буугаад эхэлбэл газар ногоо шал ногооноороо байсан ч намар ирчихлээ, намрын шинж орчихлоо л гэлцдэг. Гандуу зэгэл зун байдагтай адил дэлгэр нялх намар ч бас байдаг шүү дээ.
Жич: Унаарт хөлсөрсөн морийг орой ирээд шууд эмээлийг нь аваад, тавьж явуулж болох үе бол зун. Яах ч үгүй. Зунд унаарын моринд хорьдог зүйл нь үдийн хурц наранд хөлстэй үед эмээлийг нь авч, наранд цохиулж болдоггүй. Бас л өлөг суучихдаг. Ядаж л тохомыг нь сүүдэрлэн сөхөж, салхи савир хангалттай оруулж эврээсний дараа эмээлийг нь авч болно.
ЗУРГААН МИЧИД ЗУЛАЙ ДЭЭР
Энэ од зулай дээр голлоод ирэхээр өвлийн туйл эхэлнэ. Зургаан мичид зулай дээр гялалзаж, зулын гэрэл хажууд ёлтолзоод, өвлийн урт үдшийг үлгэр, хууч хөврүүлж өнгөрөөнө дөө.
Ер нь мичидийг “Хүйтний од” гэдэг нь учиртай байх. Зунд алга болоод, намарт сэрүүн орохоор үзэгдээд, өвлийн туйл цагаар шөнөжин зулай дээр хүйтэн хөх оч цахилуулан гялалзчихдаг. Тэгсээр хаваршаад ирэхээр тэнгэрийн хаяаруу тонгойсоор, тэнгэрт үзэгдэх хугацаа нь багассаар, зуны урин дулаан цаг ирэхээр үүрээр нэг үзэгдээд алга болчихно.
“Мэргэн ихэдвэл тэнэгийн туйл
Мичид ихэдвэл өвлийн туйл” гэсэн үг ч бий.
САР - МИЧИДИЙН ТОХИОЛГО
Мичид одон сартай зөрөхийг “Сар-мичидийн тохиолго” гэдэг. Зуны дунд болон адаг сард л Сар-мичидийн тохиолго болохгүй, учир нь мичид тэнгэрт гарахгүй. Бусад бүх саруудад тохионо буюу энэ хоёр зөрөлдөнө. Сар нь баруунаасаа, мичид нь зүүнээсээ зөрдөг.
Гэхдээ энэ тохиолго өөрийн гэсэн хатуу дэгтэй. Гуу мөргөөд жилийчихсөн байсан Мичид намрын тэргүүн мичин сард үзэгдээд, 21-ндээ голдуу Сартай тохионо. Тэгээд намрын дунд сард бол 19-нд, адаг сард нь 17-нд, харин Өвлийн тэргүүн гахай сард бол 15-ны тэргэд өдөр сартай тохионо. Өвлийн дунд сард нь 13-нд, өвлийн адаг сардаа 11-дээ тохионо.
Сар-мичид шинийн 10-ны дотор тохиож л байвал Хаврын сар эхэлчихжээ гэдэг байлаа. Хаврын дунд сарын тохиолго 7-нд, адаг сарынх нь 5-нд, тэгээд зуны тэргүүн сарын 3-нд нэг юм хальт ёсолсон болоод Мичид жилийчихдэг. Анзаарсан бол тохиолгууд дандаа сондгой өдөртөө байгаа. Тэгш өдөртөө бас тохиох ч, тэр нь ховор. Тэгшдээ тохиогоод ирэхээрээ л илүү сараа гаргаж буй нь гэдэг байлаа. Түүнийг нарийн ажиглаж байсангүй ээ.
МИЧИД САРИХ
Сарих гэдэг маань шээх гэсэн утга. Нохой сарьдаг. Хүн “морь хардаг”.
Сар, мичид хоёр зөрөхдөө Мичид нь дээгүүр гарахыг “Мичид сарьчихлаа” гэлцдэг. Сарлуугаа сарьчихсан гэж буй санаа.
“За, мичид сарьчихлаа, энэ сар ч тавгүйрхэх нь дээ” гэлцдэг байв. Мичидэд сариулсан сарны ааш муудаад, бүтэн сардаа тэнгэр хуйсагначихдаг. Энэ бол баталгаатай. Дээрээсээ сариулсан сар хилэгнэж буй нь тэр байх.
Ер нь сар, мичид хэд хэдэн янзаар зөрнө. Сар нь мичидийнхээ дээгүүр гарна. Ийм тохиолго зүгээр. Бас давхцана, зүүн баруун чих гаргаж зөрнө. Тус бүрдээ шинжээтэй.
САРАА УГААХ
Мичидэд сариулсан сарыг бас тэнгэр эцэг угааж өгөх нь байна. Яаж угаадаг вэ гэхээр сарьсан тохиолгын дараахан нэгээс хоёр хоногийн дотор тэнгэр жаахан хуйсагнаж, цас шуурга болбол тэгээд угаачихаж байгаа нь тэр. Түүний дараа сарны царай үнэхээр тунгалаг болчихдог. Тийн угаалгасан бол тэр сардаа дахиж тэнгэр учиргүй муудахгүй. “За ашгүй ашгүй, сараа угаачихлаа. Одоо санаа зоволтгүй” гэлцэнэ. Энэ тэнгэр муудах, хүйтрэх, цэлмэг дулаахан байх чинь малчдын хувьд нэн чухал учир байнгад л мичид болон бусад одон, эрхсээ ажигласаар, зүй тогтлыг нь олж, баялаг туршлага-мэдлэг хуримтлуулсан хэрэг.
Ер Сар гуай Мичидээс гадна Ласар, Гялгар гээд хэд хэдэн одтой тохиодог, гэвч цаг агаарын хувьд хамгийн чухал мэдээлэл өгдөг нь Сар-Мичидийн тохиолго. Тохиолгоо харж байж нүүнэ, сууна. Бэлчээр сэлгэнэ, алс аянд мордоно. Хуучин цагт ямар хэлээд өгдөг радио, ТВ, цаг агаарийн мэдээ байсан биш. Хамгийн гол нь энэ мэт тохиолгууд, тэнгэр оддын шинжээнүүд хэзээ ч худлаа хэлж байсангүй. Гол нь зөв л ажиглах...
МИЧИД-УЛИРЛЫН ТООЛОЛ
Монголчууд эрт цагтаа Мичид-Улирлын тоололтой байсан гэдэг юм билээ. Нэн тодорхой өгүүлсэн нь Харгана Б.Балжинням гуай. Энэ тооллын онцлог нь зурхай зураад, сударлаад байх шаардлагагүй. Тэнгэрийн од, сар, мичидийнхээн хөдөлгөөн, зүй тогтлыг хараад сар, өдрөө мэдчихдэг, цаг агаараа бүр сар жилээр нь урьдчилаад мэдчихдэг л байж.(дээр дурдсанчлан) Үүнд мичид од онцгой үүрэгтэй. Өөрөөр хэлбэл календар-хуанли нь тэнгэртээ байж байдаг, түүнийг уншиж ойлгох түлхүүр, код нь өрхийн эзэд, бараг хүн бүрийн цээжинд байдаг, олон мянган жилийн ажиглалт, туршлагаас үүдэлтэй тийм л өвөрмөц мэдлэг юм.
Мичид одон бол нүүдэлч, малчин монголчуудын ахуй амьдралд онцгой нөлөөтэй. Тэнгэрийн оддыг хэлэхдээ хүртэл “Од-мичид” гэдэг.
Адууг ойролцоогоор 7 мянган жилийн өмнөөс гаршуулсан гэдэг. Бусад нь ялимгүй наана цаана. Таван хошуу малаа гаршуулан, тэднийхээ бэлчээрийн аяыг даган, тэнгэрийн эрхшээл дор Хянганаас Тэнгэр уул хүртлэх энэ өргөн уудам нутагт нүүдэллэн аж төрж ирсэн бидний өвөг дээдсийн түүх хэдэн мянганаар тоологдоно. Хүннүгийн Модун хааны төрд гарсан нь МТӨ209 он буюу одоогоос 2234 жилийн өмнөх. Энэ оныг Монголчуудын төрт улсынхаа эхлэл гэж одоохондоо албан ёсоор үзэж байх шиг байна. Гэхдээ Модун хаанаас өмнө ч төр байсан, хэд хэдэн шанью төр барьж байсан. Тэр бүү хэл Модун хаанаас өмнө бараг 1000 гаруй жилийн хугацаанд буюу МТӨ1000 хол гаруй жилийн өмнө ч энэ бүс нутагт төрт улс байсан улбаа байдаг. Манай түүхчид яриад л байгаа. Тэгэхээр эрт цагт, Будда Шакьяамүний багшаас ч төө өмнө нүүдэлч ард түмнүүд өөрсдийн гэсэн он сараа мэддэг, ажил амьдралаа зохицуулдаг тоололтой л байсан хэрэг. Эргэлзэх юун.
Эртний Мисирт Нил мөрнийхөө үерлэх нь нарны явдалтай нарийн уялдаатайг ажиж мэдээд хэдэн мянганы өмнөөс тоолол тогтоож, газар ногоогоо эрхлэхээ зохицуулж, амьдарч ирсэнтэй л адил юм. Харин тэр суурин тариачин иргэд шавар дээр ч болов бичээд хадгалчихаж, нүүдэлчид бол цээжиндээ, ой санамжиндаа кодлоод хадгалдаг байж. Энэ “Гуу мөргөх”, “Мичид зулзагалах”, “Сар угаах” энэ тэр маань нэг төрлийн л кодууд.
Бас түүнээ бататгах юм бишгүй. Тухайлбал зун болж буйг илтгэх 130 гаруй шинж байдаг гэдэг. Намар, өвөл, хавар ч мөн ялгалгүй, хэдэн зуун шинжээр илэрнэ. Хаана илрэх вэ гэхээр бүхий л байгал дахь амьтай, амьгүй юмс болон үзэгдэлд...
Мичид гарангуут нарны өнгө хүртэл өөр болчихно, хаварт салхины үнэр, цасны өнгө ч өөрчлөгдөнө. За тэгээд мал амьтны үс зүс, амьсгаа, бүр хэвтэр нь хүртэл өөрчлөгдөнө. Нүүдлийн шувуудын дуу ч, тогооны өрөм ч өөр болно. Зарим жил тарвага зурам олон жилийн дунджаасаа эрт ичээнээсээ гарчихсан гүйж явна. Бүр цас гүйцэд ханзраагүй байхад хүртэл гарсан тохиолдол бий. Энэ нь цастай хүйтнээс үл хамааран хавар эрт ирж байгааг л хэлээд байгаа хэрэг. Зудлахдаа тулбал хаврын дундуур ч зудалдаг. Зуны эхэн сард ч цас дарах тохиолдол бий. Тэглээ гээд эргээд өвөл болчихлоо гэдэггүй. Тэгэхээр улирал гэдгийг зөвхөн халуун хүйтнээр хэмждэггүй байх нь. Маш олон шинжүүд давхцан илэрдэг хэрэг.
Амьтай хийгээд амьгүй бүгд л ертөнц оршихуйн жам буюу Тэнгэрийн эрхшээл дор нь аж төржихүй.
Жишээлж үзье. Модун хаан “Энх цаг ирэв” хэмээгээд хаврын эхээр цэрэг цуухаа тараажээ. Гэхдээ намрын дунд сарын улаан тэргэл өдөр эргэж цуглацгаа, намрын их ан ав, цэргийн сорилго хийнэ хэмээн зарлиг буулгасан гэж төсөөлөе.
Алтайгаас Хянган давтал тарсан тэр олон цэрэг дайчид намрын дунд сар гарч буйг хэрхэн мэдэх вэ? Суурин шавж бөөгнөж суудаг тариачид биш шүү дээ. Бараг жалга бүрд тарсан байгаа. Тэр бүрд хүрэх хуанли ч гэж юу билээ. Одоотой адилгүй. Гэхдээ энэ өргөн уудам нутгаар нэг тарсан эрс Мичидийнхээ тохиолгыг хараад ямар сар гарч буйг, сараа хараад ямар өдрөө мэддэг л байсан хэрэг. Бас байгалын хэл нэмэлт баталгаа болно. Үүнийг мэдэхэд хэцүү биш. Одоо л бид холдоод төсөөрчихсөн болоод гайхаад буйгаас биш. Саяхан болтол хөдөөгийн хөх өвгөд мод толгойгоо хөндлөн зууж байгаад, дээш нэг хяламхийчихээд “Өнөөдөр тийм сарын сарын төдний өдөр” гээд алдаагүй л хэлдэг байсан даа.
ИЛҮҮ САР
Григорийн тоолол буюу Нарны тоололд дассан бидний тархи толгой дахь ойлголтоор бол Сар гэдэг нэг зэвхий царайт нөхөр бүтэн жилийн хугацаанд дэлхийг 12 удаа тойрох ёстой.
Гэтэл агдаж, зөрүүдлээд яг 12 тойрдоггүй, хэд хоног илүү гүйчихдэг. Өөрөөр хэлбэл сар дэлхийг яг 30 хоногт нэг удаа тойрдоггүй, 29.5 орчим хоногт нэг тойрно. Сард хагас өдөр илүү гарч, энэ нь хураагдсаар жилд 8-9 хоногийн зөрүү гарна. Энэ зөрүү хураагдаад 3-4 жил тутамд нэг сар илүү гарчихна. 30 гаруй жилд бүтэн жилээр буюу 12 тойргоор түрүүлчихнэ. Энэхүү сар, нарны явдлын зөрүүг 3-4 жил тутамд нэг удаа зохируулж байгааг илүү сар гаргана гээд байдаг бололтой. Энэ талаар илүү нарийн тайлбарууд хангалттай бий. Гэхдээ байгал, сар-мичид өөрөө хүнээр заалгалгүй тэр зөрүүгээ гаргаад гаргаад явчихдаг.
Гэхдээ энэ илүү сараа хэрхэн гаргах тооцоолол, аргачлалын зөрүүгээс болдог уу, зурхайчдын маань зурлагууд хааяа зөрөөд байдаг. Харин уламжлалд бол зөрнө гэсэн юм үгүй. Яагаад гэвэл тэнгэрийн од эрхэсийн үзэгдэх байдал хэв лавтай хэдэн мянган жилдээ өөрчлөгдөөгүй, ойрдоо ч өөрчлөгдөхгүй байх.
САР, НАРНЫ ТООЛОЛ
Ромын эзэн хаан Юлий Цезарийн зохиосон Юлийн тооллыг 1582 онд Ромын пап XIII Григорий шинэчлэн зассан нь өнөө дэлхий даяар албан ёсоор мөрдөж буй Григорийн тоолол. Өнөөгийн бидний мэддэг тоолол энэ агаад дэлхий нараа нэг удаа тойрох хөдөлгөөнийг голоо болгох учир Нарны тоолол гэнэ.
Бас Сарны тоолол ч гэж байна. Хэрвээ анзаарсан бол Турк, Казахстан, Азербайжан, Туркмен зэрэг Исламын шашинт орнуудын төрийн далбаанд Сарны дүрс бий. Мөн Исламын сүм хийд-мечатын орой ч сарны дүрс бүхий сэрэгтэй. Исламын тооллыг Хижрийн тоолол гэдэг. Исламууд сарны явдлыг голлодог тооллын уламжлалтай.
Тэгэхээр өнөөх сар 29.5 хоногт дэлхийгээ, биднийгээ нэг тойрчихдогоос болоод Нарны болон Хижрийн тоолол хоорондоо зөрнө. Яг нэг цэгээс эхэлсэн тоолол 30 гаран жилийн дараа Хижрийнх нь нэг оноор түрүүлчихнэ гэсэн үг. Нар нь аргыг, сар нь билгийг төлөөлдөг. Нарны тооллыг хууччуул аргын тоолол гэдэг байв. Харин “Төгс буянтын зурхай”-гаар явж буй манайхны нэгэн адилаар буддын орнууд голдуу, тодруулбал зүүн өмнөд азийнхан энэ нар, сарны явдлаа харгуулан зохируулдаг тоололтой. Арга-билгээ хослуулж буй.
ТООЛОЛ НЬ ТУСГААР ТӨРИЙН НЭГЭН БИЛГЭДЭЛ БОЛДОГ
Ямар нэгэн улс, өөр ард түмний төрийг унагаад өөрийн эрхшээлийг тулган хүлээлгэсний хамгийн тод илрэл нь өөрийнхөө тооллыг тулгадаг явдал юм. Нөгөө талаас нь харвал нийгмийн бүхий л харилцаанд нэг хэмтэй явахаар зохицуулж буй хэрэг.
Хэрвээ эргэн санаваас биднийг Манж нар эрхшээлдээ оруулсны дараа Манжийн хаадын нэрээр нэрлэгдсэн тооллоор явчихсан. Энх-Амгалангийн 3-р он, Бадаргуулт төрийн 10-р он гэх мэтээр...
Бид Манжийн Хэвт-Ёсны 3-р онд манжаас төрөө салгаж, Олноо өргөгдсөний он хэмээн нэрийдсэн нь Манжаас салж, өөрийн гэсэн тусгаар төртэй боллоо гэсний илэрхийлэл болно. Түүнээс биш тэнгэрийн эрхэсийн явдлыг зохицуулаад, өөр болгосон гэсэн үг биш л дээ.
Дараа нь харин дэлхий нийтийн даяарчлалын тооллыг авсан.
МИЧИДИЙН МОНГОЛ ДОМОГ
“Хүйтэн урьчих гээд болдоггүй Мичидийг тэнгэрт гаргахгүйн тулд үхэр, морь хоёр газарт гишгэж дарахаар болжээ. Үхэр “Халуун зунаар оодогнож тоглох дуртайгаараа би гишгэнэ” гээд мориноос түрүүлж очоод гишгэтэл Мичид турууных нь салаагаар гараад тэнгэрт одчихжээ. Үхрийн турууны салаанд хэсэг шар өөх байдаг нь Мичидийн хайрласан хишиг юм гэнэ.
Ийнхүү Мичид тэнгэрт гарснаар жилийн дөрвөн улирал ээлжилдэг болжээ.
Мөн үхрийн хамар үргэлж нойтогнож байдаг болохоор бурхнаас хүйтэн хайрлахыг хүсэхэд Мичид одыг тэнгэрт гаргаж, халуун сэрүүн ээлжилдэг болоод үхэр хэсэгтээ л сэрүүнд хамар нь нойтогнохгүй таатай явдаг болжээ” (МАДҮ 1989) гэх.
Тэнгэр Мичидийг олохдоо Үхэр одоор баримжаалан олоход хялбар байдаг. Үхэр одны баруунтаа ойрхон харагдана. (Зураг хар)
Мөн Мичид гарахаар хүйтний уур орж, өвлийн туйл ирдэг учир шулмасын баруун гар, жилдээ ганцхан удаа өвлийн адаг сарын 25-нд сартай тохиодог Ласар одыг шулмасын зүүн гар гэлцэх нь бий гэнэ.
“Эрхий мэргэн” үлгэрт эрт цагт долоон нар гараад, хамаг юм түймэрдэхээ шахахад Эрхий мэргэн зургаа харваж, зургаан нарыг нь унагаж, долоодахийг нь алдаж харваад, амандаа хүрч, хар ус уудаггүй, хагд өвс иддэггүй тарвага болсон тухай өгүүлдэг. Тэрхүү Эрхий мэргэний харваж унагасан 6 нар нь хүйтний зургаан мичид болон тэнгэрт заларсан гэсэн домог ч буй.
”Мичид шүргэх Алтай” дуунд,
Мичид шүргэх Алтай,
Миний уулсын тэргүүн хэмээн дуулдаг.
Зүүн уулын зургаан хайлаас нь
Зун ургадаггүй өвөл ургадаг, тэр юу вэ?
Мөн,
Мичид мичид зургуулаа
Мэргэн Чойдог дөрвүүлээ
Адай, мадай хоёулаа
Орилоо бошиг ганцаараа гэх мэт оньсогууд байдаг юм байна. (Мичидтэй холбоотой өөр оньсого зүйр үгс байвал нэмээрэй )
МИЧИД ЗУРГААХАН БИШ... МЯНГУУЛАА
Мичид одон энгийн нүдэнд 6 л харагдахаас биш угтаа 1000 гаруй одод маш багахан зайд бөөгнөрсөн аж. Сайтар харвал мичидийн ард сүүн мананцар ч анзаарагддаг.
Мичидийг дурангаар харж, энгийн нүдэнд харагдах боломжгүй олон оддын бөөгнөрөл болохыг тогтоосон анхны эрдэмтэн нь Галилео Галилей. Энэ явдал 1610 онд болжээ. Тэрбээр 36 одыг харуулсан тойм зураг бүхий тэмдэглэлийг номдоо оруулжээ. Үүнээс хойш Мичидийн тоо “нэмэгдсээр”, Эдме-Себастьян Жеурат 1786 оны оддын атластаа 64 болгожээ. Судалгаа үргэлжлэх тусам Мичид одны тоо нэмэгдэн, одоо 1000 хол давжээ. Гэхдээ тэр олон одод нь 13 гэрлийн жилийн тойрог дотор бөөгнөсөн бөгөөд манай нарны аймгийн эргэн тойронгийн ижил тойрогт буй хорин хэдхэн одтой харьцуулахад асар их нягтшил гэнэ.
Ядаж байхад манай нарны аймагт хамгийн ойрхон буюу 444-хэн гэрлийн жилийн зайд оршино. Гэрэл “нэг” гэж хэлэхийн зуурт дэлхийг экватороор нь 6 тойрчихдог хурдан. Тийм хурдаар довтолгоход 444 жил шаардагдах нь газрын битэг болсон хүмүүн бидний хувьд төсөөлөшгүй алс зай. Гэвч од эрхсийн орон зайдаа бол хаяа хөрш гэсэн үг.
Мичид одон дэлхийн цаг агаарт тодорхой нөлөөлдөг нь энэ ойр зайтай холбоотой байж болох уу? гэсэн асуулт ч гарч ирээд байдаг юм.
МИЧИДИЙН ТОХИОЛГОНЫ НӨЛӨӨ БОДИТОЙ
Мичидийн тохиолгын нөлөө цаг агаарт илэрдэг нь маш бодитой юм. Биеэр үзэж туулсны хувьд би итгэлтэй хэлнэ. Малчин монголчууд тэр давтамж, нөлөөллийг анзаараад, ахуй амьдралаа зохицуулж ирсэн нь ч үнэн. Нөлөөлдөг гэдэг нь давтагддаг зүй тогтол байгаа болохоор тэр. Харин шинжлэх ухаан яагаад нөлөөлөөд байгаагийн учрыг олох ёстой болохоос үгүйсгэж, мухар сүсэг гэх нь өөрөө догма. Шинжлэх ухааны догма гэдэг юм бас байдаг.
Ардын ёс заншил, мэдлэг гэдэг нь дундад зууны хоцрогдол гэхээс илүүгээр хэдэн зуунаар, мянганаар хураагдсан практик туршлагын үр дүн, мэдлэг юм гэдгийг мартаж болохгүй.
Энд би зөвхөн Мичидтэй холбоотой ойлголт, мэдлэгүүдээс хагас хугас дурдаж буй. Сарны байрлал, ласар од, гялгар од, цагаан морь, хонь, нар сарны чих гээд цаг агаартай холбоотой өөр олон ажиглалт, туршлага бий.
Ер нь малчин ардын ухаанд “Тэнгэрээ ажигла. Байгалаа ажигла. Малаа ажигла. Тэгээд нийлүүлэн зохируул. Зүй тогтлыг нь тань. Тэгэж байж малчин болдог” л гэдэг. Монголчууд бидэн шиг байгалаа, од эрхэсээ уншдаг, түүний зүй тогтолд шүтэн амьдардаг нь өөр хаана ч байхгүй. Бид сайндаа ч биш, нүүдэлч малчдын ахуйн гарах гарцгүй онцлог нь тэр юм.
Тиймээс бид өөрсдийгөө Арабын цөлийн бедиунууд, дундад Азийн куман угсаатнууд, эсвэл Австралийн аброгенууд, Сибирийн цаатнуудтай адилтгах ямар ч боломжгүй. Учир нь тэгш дөрвөн улиралтай, онцгой цаг агаар, байгалийн шүтэлцээтэй ийм орон зай Алтай, Хянганы завсарт л байдаг.
Хэдэн зуу, мянганаар тэнгэрээ, од мичид ээ, адуу мал, ан амьтад, өвс ургамал, салхи, хураа шинжээд л, оршихуйн зүй тогтлыг нь таньж мэдээд, түүндээ амьдрал ахуйгаа нийцүүлэн ёсчилж, зан заншил, хорио цээр болгож ирсэн ард түмэн шүү дээ, бид чинь. Тэрхүү ёсоо, заншлаа оршихуйн буюу байгалийн хуульд нийцсэн учраас Ариун ёс гэж чандлан сахиж ирсэн. Жанцанноров гуай “Мал бол бидний багш” гэсэн агуулга бүхий үг хэлсэн нь их гүн учиртай үг шүү.
МИЧИД ОДОН ЭРТНИЙ МЭДЛЭГТ
Мичид одон дэлхийн бөмбөрцөгийн өмнөд, дунд өргөргөөс харагдах ч экватороос хойш, хойд хагаст өвлөөр илүү тод харагддаг байна.
Дэлхий даяар л мичидийг эртнээс мэддэг, ард түмнүүд өөр өөрийнхөөрөө нэрлэж иржээ.
МЭӨ 2300 орчим жилийн үед Мисирүүд он тооллынхоо бичигт тэмдэглэж, Грекүүд ч мэддэг байж. Гесиодын бүтээлүүдэд, Хомерийн Илиада, Одиссейд ч дурдагджээ.
Энэтхэгт МЭӨ1000 он, Месопотамид МЭӨ 627 онд мичидийн тухай ямар нэгэн байдлаар тэмдэглэж үлдээжээ. Арабууд маш сайн мэддэг, коран судартаа ч оруулжээ. Мөн Библид гурвантаа дурдсан байдаг гэнэ.
МИЧИДИЙН НЭРШИЛ
Монголчууд энэ хүйтэн оддыг Мичид гэж нэрлэдэг лугаа адилаар бусад ард түмнүүд ч өөр өөрийнхөөрөө нэрлэж иржээ.
Эртний Грекийн домог зүйд “Эгч дүү долоо” гэсэн утга бүхий Pleiades/Плейадэс - Плейадууд гэж нэрлэдэг байсан ба энэ нь өнөө ШУ-ны нэршил болжээ. Тэр долоо тус тусдаа нэртэй. Стероп, Меропе, Электра, Майа, Тайгета, Селаено, Алсионе.
Харин ийн Мичидийг 7 одоор тэмдэглэн нэрлэж байсны учир нь тэр үедээ Мичид илүү тод харагддаг байсантай холбоотой гэнэ.
Анхандаа Pleiades одод нь тэнгисийн аяллын зүг чигийг заахад чухал үүрэгтэй байсан тул plein буюу давуулт гэсэн үгнээс үүдэн нэрлээд, яваандаа Грекийн домгийн Плейонегийн 7 охид гэсэн утгатай Pleiades болон өөрчлөгдсөн байж магадгүй хэмээн судлаачид үзжээ.
Кельтүүд Уэльс, Филиппинчүүд Муро-пуро, Хавайчууд Макалии, Маори нар Матарики, Персүүд Парвин, Ахеменидийн эзэнт гүрний арабууд аль-Тхурайя, хятадууд mǎo, япончууд Субару, Маяа нар Сиу, Ацтекүүд Киова, Хинду шашинтнууд Криштика гэх мэтээр нэрлэдэг байжээ.
Манайхны сайн мэдэх Японы хөндлөн моторт Subaru/Субару машины нэр энэ Мичид одных. Субару машины эмблем дээр 5 бүдэг, нэг тод од дүрслэгддэг.
МИЧИД ГРЕКИЙН ДОМОГ ЗҮЙД
Мичид буюу Плейадын эгч дүү долоогийн эцэг нь Тэнгэр болон хүний эрлийз аварга биет Титан болох Атлас, эх нь далай тэнгисийн гүнж Плейон. Энэ Титан Атлас нь Зэвс нартай тэмцэлдээд ялагдсан тул тэнгэрийг мөрөндөө тэгнэн тулж мөнхөд зогсох яланд унасан гэдэг.
Эгч дүүс Киллен нэрт ууланд төржээ. Тэдгээр долоод бас өөр дүү нар байдаг ба нэг нь Одисей баатрыг аялгуу дуугаараа саатуулан мансууруулдаг алдар цуутай хорон нимф Калипсо гэнэ.
Мөн Олимпийн эзэн Зевс тэнгэр, тэнгэс далайн эзэн Посейдон, дайны тэнгэр Арес нар ч тэдгээр долоон эгч дүүстэй сууж, үр хүүхэдтэй болцгоож байжээ.
Атлас эцэг нь ялагдаад тэнгэрийг тулж зогсох ялд унасны дараа Маралууд буюу Орионууд хөөрхий эгч дүү долоог тэнгэрийн энгээр элдэн хөөжээ. Зевс тэнгэр тэднийг эхлээд тагтаа болгожээ. Дараа нь ялд унасан Атлас тэнгэр эцгийг нь бодоод мөрөн дээрх тэнгэрийн дунд одод болгон хувиргажээ. Гэсэн ч Марал/Орионууд хөөсөөр...
Домгийн өөр нэг хувилбараар эгч дүү долоо эцэг Атлас болон бусад ах дүүсээ алдсандаа ихэд харамсан, амиа хорлосонд бүх тэнгэрүүдийн тэргүүн Зевс эгч дүүсийг од болгон тэнгэрт мөнхөлжээ. Эгч дүүс нэг нэгэндээ хайртай учир бөөгнөн, тийн оддын бөөгнөрөлийг үүсгэжээ.
Маралууд Мичидийг өнөө ч шөнийн тэнгэрт мөшгисөн хэвээр гэдэг ба хэрвээ Марал-Орион болон Мичид-Плейадууд оддын байршлын харвал тийм гэлтэй.
МИЧИДИЙН АРААС МАРАЛ ЭЛДЭЖ ЯВАА НЬ “ҮНЭН”
Сонирхолтой нь Мичид оддын бөөгнөрөл нь Маралын зүг аажмаар хөдөлж байдаг аж. Эсрэгээрээ Марал Мичидийн зүг дөхөж буй гэхэд илүү зөв болно. Яагаад гэвэл эртний Грекийн домгоор бол Марал буюу Орион нь Мичидийг элдэн хөөж буй шүү дээ.
Гэхдээ мэдээж хэрэг энэхүү шилжилт нь хүмүүн бидний нэгэн насанд бүү хэл мянганд ч бараг үл анзаарагдана.
Дашрамд дурдахад, тэнгэрийн од мичидийн байршил мөч бүрд "шилжиж" байдаг. Бид чинь нартайгаа хамт тэнгэрийн уудмаар асар хурдтай ороомог хэлбэрээр нисэж явдаг. (бусад бүх од эрхэс ч мөн адил Сүүнзам глактикийнхаа цөмийг тойроод нисэж яваа). Тэр ороомгийн нэг тойргийг гүйцээхэд ойролцоогоор 24.46 мянган жилийг элээдэг гэж байгаа. Харин өчүүхэн жаахан Сүүнзам глактикаа бүтэн тойроход хэдэн зуун мянга, магадгүй сая жил яригдах байх. Ер нь хэдэн мянган жилээр оддын байршил өөрчлөгдөөд явна. З000 гаруй жилийн өмнө Алтангадас умрыг заадаггүй байсан тухай Платон нь ч билүү, Аристотель нь ч билүү, нэг нь бичсэн байсан. Хэн нь бичсэнийг мартсан байна.
Одоо Алтан эрин, Бумбын эрин, Майдарийн эрин гээд л шуугиад байгаа. Эртний ведийн мэдлэгээр бол яах аргагүй нэгэн шилжилтийн үе ирсэн, тэр нь гариг эрхсийн байршилтай шууд холбоотой гэдэг. Энэ тухай ойлголт бараг шашин бүрд бий, сонирхолтой нь тэдгээрүүд бүгд нэг зүйлийг, гэхдээ өөр өөрөөр илэрхийлдэг. Бас вавингард бошгуудад буй цаг хугацаа нь давхцаж ч байх шиг. Буддынхан болохоор Майдар заларна гэдэг. Зүүн хүрээнд жил бүр Майдар эргэх ёслол үйлддэг. Хуучин Майдар бурхныг юу юугүй өндийх гэж буй хагас суугаа байдалтай дүрсэлдэг байсан бол одоо босчихсон, урагшаа эхний алхамаа хийж буйгаар дүрсэлдэг болсон. Залрах цаг нь айсаж буйнх гэнэ. Христ дахин төрнө, Кришна эргэж ирнэ гэх мэт домгууд ч бий.
Нэг юм болох нь ч болно.
МИЧИД ЗАЛУУ Ч БОГИНО НАСТАЙ
Энэ одод чинь саяхан төрсөн идэр залуу. Нас нь болохоор манай үлэг гүрвэлүүдтэй ойролцоо, Юрийн галаваас Цэрдийн галавт шилжих үетэй давхцан аварга молекулан үүлнээс үүсжээ. Энэ нь 75-150 сая жил болно. 100 сая жил гэдэг бол оддын хувьд идэр залуу.
Нэгэнт төрсөн нь үнэн бол үхэх нь, үүссэн бол сарних нь, эхэлсэн бол төгсөх нь үнэнээс хойш энэ Мичид одон ч сарниж алга болно. Энэ нь 250 сая орчим жилийн дараа. Гэхдээ бусад одтойгоо харьцуулахад үнэхээр богинохон настай юм. Шалтгаан нь аварга молекулан үүлс, бусад аварга эрхэсүүдийн нөлөөлөл.
Магад домгийн ёсоор бол Маралын одны ордод соруулах ч юм билүү? Эсвэл Маралын тавьсан шуурганд өртөх...
МИЧИД ӨРНИЙН УРАН ЗОХИОЛД
Өрнө зүгийн уран зохиолд Мичидийн дүрслэл баялаг. Сонирхолтой нь яг л өнөөх зүй тогтлыг нь тэмтэрч бичээд байсан байдаг. Тухайлбал,
МЭӨ VIII-VII зууны үед амьдарч асан эртний Грекийн яруу найрагч Гесиодын нэгэн дуулалд:
Хөөрхий эгч дүү Мичидүүд(Плейадууд) амь зулбан
Хөнөөлт хүчирхэг Маралуудаас(Марал) зугтаж
Хөх тэнгисийг бүрхэх үүл мананд нуугдахуй
Хүчит шуургаа исгэрүүлж, догшин давалгааныг босгомуй
Галзуу согтуу мэт тэр давалгаан дунд хөлгөө тавьбаас
Гарцаагүй сүйрэн залгигдах бөлгөө, далайчин минь
Тэнгэрт Мичид зугтаж, Марал хилэгнэсэн цагаар
Тэвчин хүлээ, далайд яаран бүү гарагтүн...
Анжис юугаа зэхээд, шангаа тат
Арвин ургацыг ерөөж, буудайн үрээ цацагтун...
Ер тэр цагт Мичид тэнгэрт үзэгдэх намрын цаг нь Газар дундын тэнгисийн бүс нутгуудад тариалан эхлэх цаг агаад далай тэнгист салхи шуурга ихэсдэг байжээ.
МЭӨ VI-V зууны үед амьдарч асан яруу найрагч бүсгүй Сапфо:
Мичид жилийхүй
Шөнийн тэнгэр өнчрөөд
Харанхуйн дунд цаг хугацаа
Хаашаа ч юм зулбан урсаж байна.
Харин би гонь ганцаар
Харууслаа тэврээд хэвтэж байна.
XIX зууны английн яруу найрагч Лорд Теннисон:
Шөнийн шүүдэр унах анир гүм цагаар
Шүүрс алдуулсаар Мичидийн эгч дүүс ирдэг сэн..
Олон олон шөнө би чухам тэднийг л хүлээн
Одот тэнгэрийг ширтэн ширтэн суусан сан
Мөнгөн утсаар сүлжсэн торонд орооцолдсон
Гэрэлт бяцхан цохууд мэт гялбалзахыг нь би бахдан хардаг сан.
Ж.Р.Р.Толкиены алдарт "Бөгжний эзэн"-д Фродо, Сэм, Пиппин нар Гуравдугаар эриний 3018 оны 9 сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Гильдор болон Эльфүүдтэй Алсын ойд таарахдаа Эгч дүү долоог торлосон Реммиратыг тэнгэрт хардаг.
Ариун Библийн Иовын номд:
"Чи Плейадын үзэсгэлэнт эгч дүүсийг эргүүлэн уулзуулж чадах уу? Чи Орионы(Марал) уяа хүлгийг тайлж чадах уу? Оддын ай савыг удирдан залж, Долоон бурханыг дагуул болгож чадах уу?”
Алдарт Мэссиегийн каталогийн 45-д энэхүү Плейадууд нэрээрээ тэмдэглэгдсэн.
2020 онд Австралид гарсан нэг долларын дурсгалын мөнгөн зоосны нэг талд долоон эгч дүүс (Плейадууд) Австралийн уугуул иргэд Аброгенүүдийн уламжлалт ойлголтоор дүрслэгдсэн байна.
Төгсгөл.
Од мичидийн тухай жаахан ам халав. Буруу зөрүү болоод дутуу гучуу буй бол залруулаад, нэмж баяжуулбал машид баярлах байна.
Энэ өдрүүдэд тэнгэр эрхсийн хувьд бас нэг ховорхон учрал болж буй нь манай бяцхан нарны аймгийн хэдэн одод нэгэн цуваанд жагсаж байгаа. Чухам ямар нөлөөтэйг мэдэхгүй. Хууч үгэнд Одод жагсах нь ертөнцийн жамыг солихын тулд гэдэг. Үүнийг санан санан, XIII зуунд Оддын жагсаал дунд эзэн Тэмүчин хийгээд түүний хүлэг баатрууд, өрлөг сайдууд ар араасаа дуу дуугаан аван мэндэлж буй тухай “Аугаа эрин” нэрт нэгэн цувралыг эхлүүлээд тэргүүн дэвтэр “Хөх илдний очис”-ыг нь бичмэглэсэн болно. Уншигч бээр санаж буй бол тэнд Оддын жагсаал дунд түүх эргүүлэх хөвүүд төрж буй тухай өгүүлдэг.
Б.Номинчимэд
2025.01.25.
Мичид одны зургийг https://odonoron.wordpress.com -оос авав.
Копи