10/06/2026
Нэр бүхий УИХ-ын гишүүд Сургуулийн өмнөх боловсролын болон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна. Тус нэмэлт өөрчлөлтөд малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр зайн болон цахим сургалтад хамруулах зохицуулалтыг тусгажээ.
Энэ асуудлыг социологийн үүднээс авч үзвэл дараах сөрөг үр дагаварыг бий болгох юм.
1. Анхдагч ба хоёрдогч нийгэмшлийн асуудал (Socialization)
Социологич Петер Бергер болон Томас Лукман нарын тайлбарласнаар хүүхэд эхлээд гэр бүлдээ анхдагч нийгэмшилд орж, дараа нь сургууль, үе тэнгийнхэн, олон нийтийн орчинд хоёрдогч нийгэмшилд ордог. Цахимаар гэртээ суралцах үед үе тэнгийнхэнтэй харилцах боломж хязгаарлагдаж, багш, сургуулийн орчин, хамт олны нөлөө багасна. Үүний улмаас хүүхдийн харилцааны ур чадвар, хамтран ажиллах чадвар, дүрэм журамд суралцах үйл явц удааширч болзошгүй юм.
2. Нийгмийн капитал буурах эрсдэл (Social capital)
Социологич Пьер Бурдьегийн онолоор сургууль нь зөвхөн мэдлэг олгодог газар бус, нийгмийн капитал бий болгодог орчин юм. Сургуульд хүүхэд найз нөхөдтэй болж, ирээдүйн харилцааны сүлжээ үүсгэж, өөр өөр нийгмийн бүлгийн хүмүүстэй танилцдаг. 6–7 насны хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харилцаж сурах, багаар ажиллах, дүрэм журам мөрдөх, өрсөлдөх, хамтрах, зөрчил шийдвэрлэх зэрэг нийгмийн чадваруудыг сургууль дээр эзэмшдэг. Зөвхөн гэртээ цахимаар суралцвал энэ сүлжээ хязгаарлагдаж, хотын болон бусад бүсийн хүүхдүүдтэй харилцах боломж багасна.
4. Боловсролын тэгш бус байдал нэмэгдэх эрсдэл (Educational inequality)
Зөрчилдөөний онолын төлөөлөгч Самуэл Боулзын үзэл баримтлалаар боловсролын хүртээмжийн ялгаа нь нийгмийн ялгааг дахин үйлдвэрлэдэг. Хэрэв интернэтийн сүлжээ муу, компьютер, төхөөрөмж хүрэлцээгүй, эцэг эх хүүхдэдээ хичээл заах боломжгүй байвал малчин өрхийн хүүхдүүдийн боловсролын чанар хотын хүүхдүүдээс хоцрох эрсдэл нэмэгдэнэ.
“Малчны хүүхэд” хоёр жил цахимаар хичээллэвэл бага насны хүүхдийн нийгэмшил, үе тэнгийн харилцаа, нийгмийн капитал бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, боловсролын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэж Мэргэжлийн социологичдын холбоо ТББ үзэж байна. Тиймээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй болохоо мэдэгдэж байна.