05/05/2025
Өгөгдөлгүй шийдвэр — Байгууллагын ирээдүйд тулгарах үл үзэгдэгч эрсдэл
№1
✍️Нийтлэгч: Т. Батзаяа
Технологи, хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн хурдтай өөрчлөлттэй зэрэгцэн байгууллагуудын бизнесийн үнэт зүйлс дахин тодорхойлогдож байна. Тэд өнөө цагт "Өгөгдөл" хэмээх шинэ баялагтай хэрхэн харьцаж буй нь амжилт эсвэл уналтын зааг болж байна. Өгөгдлөө боловсруулж, шийдвэр гаргалтад ашиглаж чадахгүй байгууллага өнөөдөр боломжоо алдаж байгаад зогсохгүй маргаашийн өрсөлдөөнөөс ч хасагдаж магадгүй байдал аль хэдийн бий болсон.
Яагаад бид өгөгдлийг ашиглах, түүнд тулгуурласан шийдвэр гаргалт чухал талаар яриад байна вэ ?
Та өнөөдөр компани дээрээ ямар шийдвэрүүдийг гаргаж байгаа вэ ?
Шийдвэр бүрийн ард ямар нэгэн тоо баримт, өгөгдлийн үр дүн байгаа юу ?
Үгүй бол бид дараах алдаатай шийдвэрүүдийг гаргадаг байж болзошгүй байх нь.
📉 Стратегийн алдаа
Бодит баримтад тулгуурлаагүй шийдвэр гаргалт нь компанийн нөөцийг буруу чигт зарцуулж, зах зээлийн боломжийг алдах үндэс болдог. Хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөгчийн алхам, салбарын хандлага зэрэг нь бүгд өгөгдлөөр дамжин харагддаг.
⏳ Үр ашиггүй ажиллагаа
Өгөгдөл дээр үндэслэн автоматжуулалт хийж, процессоо оновчтой болгосон байгууллага нэг ажлыг хамаагүй хурдан, хямд гүйцэтгэж чаддаг. Харин өгөгдөлгүй байгууллагууд хөдөлмөр, цаг хугацаа их зарцуулдаг хэвээр байна.
🔒 Итгэлцлийн асуудал
Өгөгдлөө хянаж, дүн шинжилгээ хийдэг байгууллагууд ил тод байдал, хариуцлагатай тайлагналын соёлыг бүрдүүлдэг. Харин өгөгдөлгүй байгууллага хэрэглэгч, түншүүдийн итгэлийг алдах өндөр эрсдэлтэй.
Харин өгөгдлийг зөв, зохистой ашиглаж өгөгдөлд суурилсан ирээдүй бидэнд юу авчирч өгөх вэ ?
🤖 Хиймэл оюун ухаан ба автомат шийдвэр гаргалт
AI, машин сургалтын системүүд зөвхөн өгөгдөл дээр ажилладаг. Ирээдүйн бизнесүүд шийдвэр бүрээ бодит цагийн өгөгдөлд тулгуурлан гаргана. Энэ технологид амжилттай нэвтрэх эсэх нь өнөөдрийн дата бэлэн байдлаас хамаарна.
🧠 Хувь хүнд чиглэсэн үйлчилгээ
Өгөгдлөө ашигласнаар хэрэглэгч бүрийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн санал болгох боломжтой болно. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг нэмэгдүүлж, орлогыг өсгөнө.
🌐 Өрсөлдөөнөөс түрүүлэх стратеги
Зах зээлд хэн хурдан, оновчтой шийдвэр гаргана, тэр л хожно. Энэ нь зөвхөн өгөгдөлд суурилсан байгууллагуудын давуу тал болж байна.
Та хэдхэн жишээнээс өгөгдлийг ашиглах нь ямар чухал гэдгийг анзаарсан байх. Үүнийг өнгөрсөн хугацааны тоо баримтууд ч баталдаг.
Forbes Insights-ийн 2023 оны судалгаагаар, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалттай байгууллагууд 3 дахин илүү ашгийн түвшинтэй байдаг.
Accenture-ийн тайланд өгүүлснээр, өгөгдөл сайн ашигладаг байгууллагууд шинэ бүтээгдэхүүн гаргах хугацаагаа 33%-иар богиносгосон байдаг.
Гэтэл Монголд бид ямар байгаа вэ ?
2023 оны Мэдээллийн технологийн салбарын тайланд дурдсанаар, Монгол дахь ААН-үүдийн зөвхөн 18% нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хийдэг гэж дурдсан байдаг.
Төрийн байгууллагуудын 80% нь өгөгдлөө Excel болон цаасан хэлбэрээр хадгалж байна.
Энэ тоо маш хангалтгүй байгааг бидэнд харуулж байна. Бид мэднэ өгөгдлөө ашиглаж чадаагүйгээс стратегийн маш буруу шийдвэрүүдийг гаргаж компанийн бизнес нь уналтад орж байсан Blockbuster, Kodak, Nokia … гэх мэтчилэн Дэлхийн тэргүүлэгч компаниуд байдгийг дурдаж болно.
Nokia бол 2000-2010 оны үед гар утасны зах зээлд тэргүүлэгч компани байсан. Гэвч компанийн удирдлага хэрэглэгчийн хүсэл сонирхол, зах зээлийн өгөгдлийг дутуу ашиглаж, Android болон iOS үйлдлийн системийн эздийн алдааг мэдэрч чадаагүй. Нокиа үйлдлийн системийн хувьд хэт олон жил өөрчлөлт оруулахгүй, зах зээлд өөрчлөлт хийхгүй байсан нь компанийн алдагдлын шалтгаан болжээ.
Тэгвэл бид өгөгдлөө ашиглаж эхлэхэд юунаас эхлэх вэ ? Өнөөдрөөс эхлэх гурван алхмыг би хэлж өгье.
1. Өгөгдлөө цэгцэл
Байгууллагын дотоод болон гадаад өгөгдлийг системтэйгээр хадгалах, ангилах, хамгаалах суурийг тавих.
2. Дата соёлыг бүрдүүл
Ажилтнуудын өгөгдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, шийдвэр бүрд өгөгдлийг ашиглах дадлыг хэвшүүлэх.
3. Мэргэжлийн багтай хамтар
Дата шинжээч, бизнес аналитик, дата инженер зэрэг мэргэжилтнүүдтэй хамтран өгөгдлөө үнэ цэнтэй хөрөнгө болгон хувиргах.
Эцэст нь хэлэхэд манай компанийн өгөгдлийг бусад газрууд мэдчихнэ, хэлэхгүй, гаргахгүй гэх сэтгэлгээнээсээ салж бусдаас түрүүлж өгөгдлөө нээ, онгойлго, ашиглаж эхэл. Түрүүлж хөдөлсөн нь хожно.
www.daton.mn