23/03/2024
"Финландчуудад дахин баяр хүргэе"
Дотоодын нийт бүтээгдэхүүнээс эхлээд дундаж наслалт, авлигын түвшин, иргэдийн эрх чөлөөний мэдрэмж хүртэлх бүхий л үзүүлэлтийг шалгуур болгож эрэмбэлдэг Дэлхийн аз жаргалын судалгаанд Финланд улс долоо дахь жилдээ дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай орноор тодорсон байна.
НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээнээс жил бүр гаргадаг тус судалгааны 2024 оны эрэмбэд Дани, Исланд улсууд 2,3 дугаар байраа хадгалсан бол насны бүлгээр ангилсан эрэмбэд Литва улс хүүхдүүд болон 30-аас доош насныхан, Дани улс 60 болон түүнээс дээш насныхан хамгийн аз жаргалтай байдаг улсаар нэрлэгджээ.
Харин Монгол Улс сүүлийн 3 жилийн үзүүлэлтийг дундчилсан 2023 оны эрэмбэд 61 дүгээрт жагсаж байсан бол 2024 онд 77 дугаар байр руу ухарч, БНХАУ, ОХУ, Киргиз зэрэг улсуудын ард бичигдэж эхэлжээ. Хэдий манай улс эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэгчдийн эгнээнд багтаж буй ч өсөлтийг хүртээмжтэй, тогтвортой байлгах тал дээр сорилтууд их байгаагийн зэрэгцээ Transparency International-ийн судалгаагаар 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж буй 10 улсын нэг болсон билээ.