24/05/2026
Уурхайн зураг төсөл маш чухал гэдгийг энэ осол анхааруулж байна.
BEIJING (AP) - Хятадын Shanxi мужид нүүрсний уурхайд хийн тэсрэлт болж 82 уурхайчин амь насаа алдаж, 2 уурхайчин сураггүй болж, 120 гаруй уурхайчин эмнэлэгт хүргэгдсэн талаар 05 дугаар сарын 23-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр орон нутгийн удирдлагууд мэдэгдсэн байна. Орон нутгийн албан тушаалтнууд тэсрэлтийн шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд уурхайн оператор хууль тогтоомжийг "ноцтой зөрчсөн" гэж тэмдэглэсэн боловч тодорхой зөрчлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Амь насаа алдсан хүмүүсийн тоо нь Хятадын мэдээллийн Xinhua агентлаг өмнө нь мэдээлж байснаас өөрчлөгдөж, шинэчлэгдсэн тоо юм байна. Ослын дараахан нүүрсний уурхайн үйл ажиллагаа "эмх замбараагүй" байсан бөгөөд тухайн үед өгсөн тоо баримт нь анхных бөгөөд тодорхой биш гэж тэд мэдэгдэв. Энэ нь сүүлийн жилүүдэд тус улсад тохиолдсон, хамгийн их хохирол учруулсан уурхайн осол болсон.
Хятадын удирдагч Ши Жиньпин Changzhi хотын Liushenyu нүүрсний уурхайд эрэн хайх аврах ажиллагаанд бүх л хүчин чармайлтаа дайчлах, гэмтэж бэртсэн хүмүүсийг яаралтай эмчлэх, ослын шалтгааныг нарийвчлан шалгаж, буруутай этгээдэд хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэхийг тушаажээ. Тэрээр "бүх бүс нутгийн уурхай энэ ослоос сургамж авч, ажлын байрны аюулгүй байдлын талаар байнга сонор сэрэмжтэй байж, томоохон, гамшигт ослын тохиолдлоос урьдчилан сэргийлэх, хязгаарлах ёстой" гэж онцолсон.
Тус нүүрсний уурхайд 345 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын үндэсний 6 аврах баг ажиллаж байна. CCTV-ийн мэдээлснээр, гэмтсэн хүмүүсийн дунд олон хүн хорт хийнд хордсон байна. Төрийн телевиз мөн нүүрсний уурхайн өгсөн зураг төсөл нь бодит байршилтай таарахгүй байгаа нь аврах ажиллагаанд саад учруулж байгааг мэдээлэв.