28/07/2026
Шинжлэх ухаан, инновацад суурилсан уул уурхайн хөгжлийг Дорноговьд нутагшуулах олон улсын хамтын ажиллагааны шинэ алхам эхэллээ.
"Их говийн хөгжлийн гарц" ОНӨААТҮГ уул уурхайн шинжлэх ухаан, инновац, дэвшилтэт технологийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү хамтын ажиллагааны гол ач холбогдол нь зөвхөн туршлага солилцох бус, бодит төсөл, судалгаа, технологийг Дорноговь аймагт нутагшуулах боломжийг бүрдүүлж байгаад оршино.
Хамтын ажиллагааны хүрээнд:
🔹 Уул уурхайн салбарт хиймэл оюун ухаан (AI), автоматжуулалт, дижитал технологийг нэвтрүүлэх боломжийг хамтран судална.
🔹 Ус, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах шинэ технологи, тэр дундаа хуурай аргаар ашигт малтмал баяжуулах шийдлүүдийг судалж, турших боломж бүрдэнэ.
🔹 ESG, ногоон уул уурхай, нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтарсан судалгаа, зөвлөх үйлчилгээ, туршилтын төслүүд хэрэгжинэ.
🔹 Дорноговийн инженер, мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх сургалт, эрдэм шинжилгээний хамтарсан ажил, мэдлэг, технологийн солилцоо өргөжинө.
🔹 Цаашид орон нутгийн онцлогт тохирсон жишиг төслүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт болон технологийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс тавигдаж байна.
Энэ нь Дорноговь аймгийн уул уурхай, аж үйлдвэр, эрчим хүчний хөгжлийг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан дараагийн шатанд гаргах урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл юм.
---
Хамтран ажиллах байгууллагын тухай
Ши-Аний Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (Xi'an University of Science and Technology) нь 1895 онд үүсгэн байгуулагдсан, 130 гаруй жилийн түүхтэй их сургууль бөгөөд эрчим хүч, уул уурхай, уурхайн аюулгүй ажиллагааны чиглэлээр БНХАУ-ын тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг юм.
Тус сургууль нь аюулгүй байдлын инженерчлэлийн салбараараа үндэсний хэмжээнд A- үнэлгээтэй бөгөөд инженер, материал судлал, газар судлал, байгаль орчны шинжлэх ухаан зэрэг зургаан салбар нь ESI-ийн дэлхийн шилдэг 1%-д багтдаг. Мөн 60 гаруй улсын их сургууль, судалгааны байгууллагатай хамтран ажиллаж, "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд олон улсын судалгаа, инновацын төслүүдийг хэрэгжүүлдэг.