15/09/2026
ГУЧИН ГУРАВ ДАХЬ НАМАР (Хөрөг нийтлэл)
🏭 Гучин гурав дахь намар. Хорь гаруй насны хийморь золбоо, хийж бүтээхийн оргилуун эрч, хүсэл мөрөөдлийн даль жигүүрээрээ гоёсон залуухан инженер Эрдэнэт үйлдвэрийн босгоор алхаж, амьдралд гэрэл, дулаан түгээх гэгээн үйлсийн аянд мордож байсан цагаас хойш хагас жаран улирчээ. Энэ намар Дулааны цахилгаан станцын Үйлдвэр техникийн товчооны Ээлжийн дарга Доржпаламын Батжаргалын Эрдэнэтэд ажилласны гучин гурав дахь намар. Төрөлх станцынх нь хагас зуун жилийн ой тохиож буй онцгой намар.
Замын хүн саатмаар, Завхан сайхан нутгийн уугуул хүү төрж өссөн нутгаасаа гарч, найрамдлын Дархан хотноо Политехникумын дулааны инженерийн ангид элсэн суралцахаар эрдмийн жолоо залав. Оюутны дөрвөн жил он цагийн дурсамж нэмсээр, нэг л мэдэхэд урсан өнгөрч, 1993 оны намар Эрдэнэтийг зорих түүний ажил, амьдралын замын эхийг тавьсан юм. Ингэж тэрээр, эзэмшсэн мэргэжлээрээ үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад ажилд орж байв.
🏭 Хамт олны халуун дулаан итгэл сэтгэлээр угтсан тэрхүү өдрүүд ээлжийн дарга Д.Батжаргалын сэтгэлд одоо ч тодхон. Онцгой мэдрэмж өгсөн дурдатгал бүхэн хүний сэтгэл, зүрхэнд үргэлж шинээрээ үлддэг билээ. Түүн лугаа, гуч гаруй жилийн тэртээх ажлын анхны өдөр нь одоо ч түүний дурсах дуртай агшны нэг нь. Тухайн үеийн станцын дарга Д.Батчулуун, хүний нөөц Х.Долгоржав нар, “Мэргэжлийн хүүхэд ирж байхад, авалгүй яах вэ” гэсээр уриалгахан хүлээж авсан нь залуу хүнд маш их урам хүч болсныг талархан дурсаж, мөр зэрэгцэн ажилласан ахмад ажилтнууд, орос мэргэжилтнүүдийн нөмөр нөөлөг юу юунаас илүү эрхэм байсныг тэрээр эдүгээ дурсан дурсан өгүүллээ.
🏭 Тоног төхөөрөмжийн засварчин, үнсчин, зуухны туслахаас ахлах машинч хүртэлх Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлага дээр дадлагажин ажиллаж, сүүлийн хорин жилд ээлжийн даргын хариуцлагатай албыг тасралтгүй хашиж явна. Ажилдаа чинхүү сэтгэл зүтгэлээ зориулдаг, хариуцлага зарчим гэсэн хөтөчтэй түүний унаган хүмүүжил, суурь боловсрол нь тэрхүү зан чанарынх нь гол үндэс болдог. Энэ үндсийг түүний аав, Монгол Улсын Гавьяат багш Доржпалам нь ой тойнд нь гүн бат суулгаж өгчээ. Ажилсаг, даруу төлөв аав ээжийн хүү ажил хөдөлмөрийн талбарт энэ чанараа өнгөлөн зүлгэж, арвин туршлага, өндөр ур чадвартай тулхтай, тууштай мэргэжилтнүүдийн эгнээнд түүчээлж явна.
🏭 Ажлын гараагаа эхэлсэн станц нь түүнийг амьдралын ханьтай нь учруулж, Д.Батжаргалынх хэмээх айлын гал голомтыг асаасан түүхтэй. Түүний гэргий Дулааны цахилгаан станцад хөдөлмөрийн эдийн засагчаар 34 дэх жилдээ ажиллаж буй жавхаалаг цоглог С.Лхагвасүрэн гэж бүсгүй бий. Лаборант бүсгүй, үнсчин залуу хоёр нэг ээлжнээс нэгэн насны амьдралаа холбож, гурван сайхан хүүгийн аав ээж болон тэгш дүүрэн яваа нандин түүхийг хамтдаа бүтээжээ.
🏭 Ээлжийн дарга Д.Батжаргал, гуч гаруй жилийн хөдөлмөрөө Дулааны цахилгаан станцдаа зориулахдаа бүх цаг үед нь ээлжинд ажилласан юм. Ээлжинд гардаг ажилчнаас ээлжийнхнийг хариуцдаг дарга болтлоо тэр туршлагажиж, хөдөлмөрлөжээ. Хариуцлагаас л бүх зүйл нь эхэлдэг ээлжийн даргын алба бол тэр чигээрээ сонор сэрэмж, нарийн төлөвлөлт, зохицуулалт. Станцын есөн хэсгийн наймыг нь хариуцан, ээлжийн хуваарь, үйлдвэрлэлийн горим зохицуулалтыг мэргэжлийн ур ухаан, өндөр мэдрэмж, эрдэм мэдлэгээрээ хөтөлж, ажилладаг. Түүн дээр шөнөөр ажилладаг ажилтнуудынхаа эрүүл ахуй, аюулгүй байдал, тайван ажиллах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх гээд Ээлжийн даргаас шаардах, дайчлах олон шалгуурт тэр тэнцэж, шалгарсан хашир инженер.
🏭 Эрдэнэт үйлдвэрийн ДЦС эдүгээ зургаан зуух, зургаан турбинтай. Ямар ч үед бэлэн байх нөөцтэй, аюулгүй байдлын өндөр түвшинд ажиллах үүргийг ээлжийн дарга нар хүлээнэ. Өвлийн их ачааллын үед ээлжиндээ 40-45, зуны улиралд 35-40 ажилчныг удирдан, чиглүүлнэ. Энэ үүрэг нь ажлын өдрийн 17:00 цагаас хойш цехийн даргын эрх, үүргийн энтэй хэрэгжиж эхэлнэ. Ингээд бодохоор ээлжийн дарга хүн хэр хэмжээний хариуцлага, ачаалал үүрдэг нь тодорхой.
🏭 Түүнийг анх ажилд орох үед цех нь БКЗ-75 маркийн зургаан зуухаар ажилладаг, Дулааны станц нэртэй байв. Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний хэрэглэгч байсан гэсэн үг. Үе шаттай өргөтгөл шинэчлэлийн эхнийх нь 2012 онд эхний өргөтгөл хийгдэж, дотоод хэрэгцээгээ бүрэн хангахын тулд 5 мВт-аар хүчин чадлаа нэмэгдүүллээ. Үүнээс арваад жилийн дараа 2018 онд тус бүр 12 мВт-ын 4 турбингенератораар өргөтгөн, жилд 53 мВт цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, Монгол улсдаа эхний гуравт эрэмбэлэгдэх Дулааны цахилгаан станц болон ажиллаж эхэллээ. Зууны манлай үйлдвэр хэрэглэгчээс эрчим хүч, дулааны томоохон үйлдвэрлэгчийн эгнээнд шилжиж, энэхүү үе шаттай бүтээн байгуулалтын шав тавихаас нь эхлээд гар бие оролцсондоо бүхнээс илүү бахархдагаа Д.Батжаргал дарга хуучлав. Түүний ажил, амьдралын хамгийн том баяр бахдал бол энэ түүхэн үйл явдал байлаа.
🏭 Энэ цаг үеэс Дулааны цахилгаан станц төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, станцын зуух турбинууд Диспетчерийн үндэсний төвийн харьяанд очиж, үйл ажиллагааны хувьд шууд харилцаж ажилладаг болов. Ингэснээр үүрэг хариуцлага урьдынхаас нэмэгдэж, тэр чинээгээр ур чадвар, мэдлэг туршлага тэлж, хувь ажилтны хувьд хөгжиж байна. Энэ утгаараа би өөрийгөө азтай хүн гэж боддог гэж Ээлжийн дарга Д.Батжаргал олзуурхангуй өгүүлсэн. Ажилдаа бүгдийг өгсөн хүмүүсийн голчлон хэлдэг үг түүний хандлагад ингэж шингэсэн гэлтэй.
🏭 Ээлжийн горимд ажилладаг хүмүүст хувийн зохион байгуулалт өндрөөс өндөрт тавигдана. Шөнийн ээлжнээс буугаад дараагийн ажилд гарах хүртэл амрах, алжаал тайлах, дуртай зүйлээ хийх, гэр бүлдээ цаг гаргах, гээд олон зүйлд бэлдэх хэрэгтэй болдог. Түүний хажуугаар хүнд нөхцөл дэх ажлын алжаалыг эрүүл, зөв, өгөөжтэй хэлбэрээр тайлах. Үүнийг тэрээр хувийн зохион байгуулалт гэж нэрлэсэн. Эрүүл байж ихийг бүтээнэ. Энэ бүгдийг хөдөлгөөн спорт нөхнө гэдгийг уурхайчин хүн сайн ойлгох ёстой гэсэн. Тиймээс ч Д.Батжаргал дарга өөрөө волейбол, сагс тоглох, ууланд алхах дуртай. Цехийн хэмжээнд болох олон нийтийн ажилд идэвхтэй оролцоно. Түүний энэ манлайлал бусдад сайнаар нөлөөлнө.
🏭 Цаг үе шинэчлэгдэж байна. Хагас зуун жилээ угтаж буй Дулааны цахилгаан станцын нийт ажилтны 80 орчим хувь нь залуучууд болжээ. Энэ бол яах аргагүй л хөгжил дэвшлээ дагасан эрэлт, хэрэгцээ. “Нөгөө талаас, дулаан, цахилгааны нарийн мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд станцын одоогийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Ерөнхий инженер Д.Дарханбаяр болон Үйлдвэр техникийн товчооны удирдлага, хамт олны зүгээс санал санаачилга дэвшүүлэн, шинэлэг шийдэл, шуурхай арга барилыг уялдуулан ажиллаж байна. Энэ бүхэн дараагийн хагас зуунд Дулааны цахилгаан станцаа хөгжлийн шинэ шатанд авч явах хүний нөөцийн бүхэл бүтэн үед оруулж буй алсыг харсан хөрөнгө оруулалт. Станц маань ирээдүйд зуухны хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн бүтээмжээ тасралтгүй дээшлүүлэх нь бид бүгдийн томоос том мөрөөдөл, зорилт” гэж Ээлжийн дарга Д.Батжаргал хойч үе, хөгжлийн түүчээ, тэдгээрийг зангидах бодлого, төлөвлөгөөний талаар бодлоо хуваалцлаа.
🏭 Хамт олон дотроо дахиад нэг бүл бүтээдэг ээлжийн ажилчдын онцлог, сайхан бөгөөд хэцүү зүйлүүд нь ч одоо түүний ажил, амьдралын хамгийн дотно хэсэг болжээ. “Бүхий л зүйлд хамт байж, жаргал зовлонгийн орчил бүхэнд сэтгэл зүтгэлээрээ хөдөлмөрлөж ирсэн хамт олондоо хамгийн их талархан, баярлаж, улс орон, хүн арддаа түгээх гэрэл гэгээ, илч дулааны цацраг бүхэнд шингээсэн хүч хөдөлмөрт нь мэхийх учиртай” хэмээсэн түүний сэтгэлийн үгийг тэмдэглэлийнхээ төгсгөлд шигтгэе.
🏭 Зуун дамжсан үйлдвэрийн “гал голомт”-д нэр төртэй хөдөлмөр зүтгэлээ зориулсаар яваа Ээлжийн дарга Д.Батжаргалын гучин гурав дахь намар айсуй.
🖋 М.БАЛЖИННЯМ
📸 Б.БАТТӨГС
#ЭрдэнэтҮйлдвэр #ДулааныЦахилгаанСтанц