12/05/2026
Гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
ЭМГЭНЭЛ
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор Осорын Намжил (1952-2026) зуурдаар таалал төгсөж, Монголын стандартчилал, хэмжил зүй, чанарын удирдлагын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
О.Намжил нь 1952 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрж, ЗСБНХУ-ын Киевийн Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг инженер механикч мэргэжлээр төгсөж, улмаар ОХУ-ын Санкт-Петербургийн Эдийн засаг, санхүүгийн улсын их сургуульд доктор (PhD)-ын зэргийг хамгаалсан манай улсын тэргүүний сэхээтнүүдийн нэг байв.
Тэрээр стандартын салбарт 43 жил тасралтгүй зүтгэхдээ Үнэ стандартын улсын хороо, Стандартчилал, хэмжил зүйн газарт хэлтэс, албаны дарга, даргын зөвлөх зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, салбарын бодлого, хөгжлийг тодорхойлоход бие сэтгэлээ зориулсан юм.
О.Намжил доктор бол Монгол Улсад ISO 9000 бүлэг стандартыг үндэсний хөрсөнд буулгах, орчуулах, хэрэгжүүлэх ажлыг анхлан эхлүүлж, өөрийн “хообий” болтол чармайлт гарган зүтгэсэн түүхэн гавьяатай хүн билээ.
Түүний хичээл зүтгэлээр “Говь”, “Эрдэнэт хивс”, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Эм-Си-Эс интернэшнл” зэрэг манай улсын анхны 30 гаруй тэргүүний аж ахуйн нэгж чанарын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, “Монгол туршлага”-ыг бий болгосон юм.
Тэрээр зөвхөн тогтолцоог нэвтрүүлээд зогсохгүй, аудитор үнэлгээчдийг сургах, бэлтгэх, баталгаажуулах иж бүрэн тогтолцоог үүсгэн хэрэгжүүлж, энэ салбарт олон тооны шавь нарыг бэлтгэсэн багш, сургагч байлаа.
Талийгаачийн хөдөлмөрч, зарчимч, тууштай зан чанар, эх орныхоо хөгжлийн төлөө цуцалтгүй зүтгэсэн гавьяа зүтгэл нь стандартчиллын салбарын түүхэнд болон шавь нарынх нь сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх болно.
Гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР