19/09/2024
ЗҮГЭЭР Л СЭТГЭГДЭЛ ЭЭ ТЭМДЭГЛЭВ ...
Австралиас ирээд 2 сар орчим болж байгаа ч Монгол дахь ажил, амьдрал руугаа бүрэн орж амжаагүй л байна.
Чухал, Яаралтай ажлуудаа барьж аваад харин Чухал, Яаралтай биш ажлууд руугаа бага багаар л орж байна даа.
Найз нөхөд, хамаатан садан, эрдэм номын багш нар, хол ойрын танилууд, ажил хэргийн хамтрагчид гээд уулзах, учрах олон хүмүүс бий ч амжихгүй л яваад байгаа шүү.
Монголд ирсэн сайхан байна аа. Монгол хүн учраас эх орондоо ирхээс сайхан зүйл гэж юу байх билээ. Ирээд Архангай, Өвөрхангай, Дархан, Булган, Эрдэнэт, Ховд, Баян-Өлгий гээд зарим аймгуудаар хувь, хувьсгалын ажлаар явлаа. Энэ жил бороо хур сайтай, хөдөө орон нутгаар зуншлага сайхан байлаа.
Хоёр жил яваад ирэхэд Монголд маань сайжирсан зүйл юу байна гэж их ажиглалаа. Илт анзаарагдсан эхний зүйл бол аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдийн тоо, ялангуяа гадаад хэрэглэгчдийн тоо нэмэгджээ. Үүнийг дагаад Тэрэлж тийш бол шил шилээ дагасан жуулчны баазууд ихээр нэмэгдсэн байна. Аялал жуулчлал бол үйлчилгээний экпортийн нэг төрөлд тооцогддог. Жуулчдын тоо өсөх нь эерэг үзүүлэлт яах аргагүй мөн. Гэхдээ тоо биш чанарыг сайжруулахад анхаарахгүй бол энэ салбар богино хугацаанд өсөлт хийгээд урт хугацаанд уналтанд дахин орох вий гэсэн айдас бас төрж байна. Учир нь манай улс аялал жуулчлалын дэд бүтэц бүү хэл үндсэн дэд бүтцээ шийдэж чадаагүй л байна. Сайн зүйл хэлэх гээд саар зүйлрүү хальтарчихлаа кк.
Дэлхийн чиг хандлагыг дагаад мэдээлэл технологийн салбар их хурдацтай хөгжиж байгаа нь илт байна. Үүний илэрэл нь Төрийн түвшинд бол EMongolia-р дамжин төрийн үйлчилгээнүүдийг гар утсаараа авчихдаг болж. Энэ шиг амар зүйл гэж юу байхав. IT компаниуд маань харин сайн хамтарч нэгдээд олон улсын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах чиглэлд хөдөлжээ.
Илт харагдаж буй дараагийн зүйл бол скүүтер. Хүүхэд, залуус скүүтер их унах болж. Түгжрэлд өртөхгүй, бас алтернатив тээврийн хэрэгсэл гэдэг утгаараа авто замын түгжрэл бууруулахад бага ч гэсэн эерэг нөлөө үзүүлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ зориулалтын замыг нь шийдэж өгөхгүй бол явган хүн мөргөх, өөрсдөө унаж бэртэх, машинд дайруулхаас эхлээд эрүүл мэнд, аюулгүй байдлын эрсдэл их харагдана. Үүнд тусгай зохицуулалт, дэмжлэг шаардлагатай болов уу. Мельбурнд бол хотын төвөөр ашиглахыг саяхан хориглосон. Миний бодлоор үүнийг хорих гэхээс илүү зориулалтын замыг нь бий болгох болон бусад аюулгүй байдал талын зохицуулалтыг хийх байдлаар шаардлагатай.
Улаанбаатар хотын төвд дэх Рио Тинто-гийн тохижуулсан ногоон парк яах аргагүй сайхан болжээ. Яг л Австралийн Паркуудын стандартаар баригдсан байна. Болдог бол энэ паркийг хороо, дүүрэггүй хуулбарлаад олныг барих юмсан. Тэгвэл энэ хотын бохирдол, нийгмийн стресс, цаашлаад үүнээс улбаалсан гадагш чиглэн урсах өнгөтэй өөдтэй залуусын маань урсгалыг зогсооход багагүй хувь нэмэр оруулна даа гэж бодогдов.
За тэгээд нийтийн орон сууцны барилгууд бол ихээр баригджээ. Ялангуяа Яармаг, Нисэх талруу. Барилгажилт бол зайлшгүй л хийгдэх ёстой зүйл. Гол нь энэ олон барилга зай завсаргүй чигжиж баригдаад байгаа нь онцгүй юм даа. Төрөөс хот төлөвлөлтийн бодлого, төлөвлөгөө, түүнтэй уялдсан дэд бүтцийн шугам, сүлжээний асуудлуудаа шийдэхгүй бол энэ байдал цаашид ч гарсаар л байх болов уу. Уг нь нийтийн орон сууцнаас илүүтэйгээр Австрали, Америк, Европ шиг стандарт хаус хорооллыг хөгжүүлэх чиглэлд төрийн бодлогыг хандуулбал зүгээрсэн гэж бодогдох юм. Тэгвэл уг нь иргэн газартайгаа үлдэж, түүнийгээ олон талаар ашиглах боломж наанадаж бүрдэнэ дээ.
Мэдээж болж бүтэхгүй байгаа зүйлс бол их байна аа. Юмны үнэ бараг 2 дахин өссөн, тоос шороо агаарын бохирдол, замын түгжрэл бууруулах ажилд онц ахиц гараагүй, магадгүй бүр дордсон ч байх. Нийгэмд стресс бухимдал багагүй байна. Залуус маань гадаад улс орон руу ихээр явах болсноос шалтгаалсан уу бизнесийн салбар бүрт хүний нөөцийн хомсдол нүүрлэсэн байна.
Асуудалгүй зүйл гэж юу байхав, чадлаараа шийдвэрлээд, шийдвэрлэхэд нь бие биедээ туслаад л урагшилна даа тэ ...