22/04/2025
ЭМГЭНЭЛ
Бидний хамтран зүтгэгч Цэвэгжавын Амьбөх нь 2013 оноос хойш Таяннуурын төмрийн хүдрийн ордоос Бургастай боомт хүртэл замаас экологит учруулж байгаа сүйрэл, гамшгийг таслан зогсоож, нутаг орон, газар шороо, малчин түмнийхээ амьдрах орчныг унаган төрхөөр нь хамгаалан авч үлдэхийн төлөө чин шударга, нэгэн үзүүрт сэтгэлээр, цуцашгүй тууштай 12 жил тэмцсэн.
2016 оны 04 сарын 19 нд анх иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 9 жил шүүхэд маргасны эцэст 2025 оны 03 сарын 25-ны Улсын Дээд Шүүхийн 60-р тогтоолоор 10,8 тэрбум/10,803,232,289/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар эцэслэн шийдвэрлэсэн билээ.
Ц.Амьбөх нь Улаанбаатар хотод болсон удаа дараагийн шүүх хуралд өөрөө биечлэн оролцохын хамт нутгийн иргэдийг ажиглагчаар авч оролцон, бодит нөхцөл байдлыг шүүгч нарт хэлж тайлбарлан, нутаг орныхоо төлөө тууштай тэмцэж, өмгөөлөн хамгаалж, өнөөдрийн амжилтыг бий болгоход томоохон хувь нэмрээ оруулж ирснийг бид мартах учиргүй.
Тэрээр өвчин зовлон, байгалийн цаг агаар, орон зайнаас үл хамааран шүүхийн үйл ажиллагаанд биечлэн оролцож, уул ус, газар шороо, ан амьтад, малчид, нүүдэлчин соёлоо тууштай хамгаалж, шударга ёсыг шаардаж байсан нь талаар болоогүй, 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдаанд оролцож ялалт байгуулаад баяр хөөртэй нутаг руугаа яаран явсан тэрээр тэнгэрт одсонд гүнээ харамсаж байна.
Түүний зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, үлгэрлэн манлайлагч, нугаршгүй ноён нуруу, нөхөрлөл итгэлцлийг эрхэмлэгч сэтгэл, хүнлэг сайхан зан чанар нь нэгэн үйлсийн төлөө хамтран зүтгэгч бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдаж үлдэх болно.
Талийгаачийн хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ТӨЛӨӨХ ХУУЛЬЧДЫН ХОЛБОО