30/04/2026
Хоёр хүн усанд унавал сэлж чаддаггүйг нь л түрүүлж авардаг. Тийш нь очиж, аврах дугуй шидэж, түүнд санаа зовж, түүнд бүх анхаарлаа өгнө. Энэ зөв л дөө хүнлэг үйлдэл.
Харин сэлж чаддаг нь… өөрөө гарч ирнэ. Нэгийг нь аварч, нөгөөг нь хүйтэн усанд тэсээрэй чи чадна гэж хэлээд үлдээнэ.
Чадахгүйд нь бүгдийг өгдөг атлаа чаддагт нь юу ч өгдөггүй. Заримдаа бүр байгааг нь хүртэл авчихдаг.
Яагаад зарим нь тэмцэж сурдаг, харин зарим нь огт хичээхийг хүсдэггүй вэ?
Бага байхад сайн сурдаг хүүхдүүдийг сул сурдаг хүүхдүүдэд “даалгаж” өгдөг байсан. Сайн нь хичээлээ хийж, нөгөөгөө чирнэ. Сул сурдаг нь гадуур тоглож, инээж, амьдралаа зугаатай өнгөрөөнө.
Шагнал сайн ажилласанд биш, хүнд байдалтайд нь очно. Эцэг эх нь мөнгөө архичин хүүдээ өгнө. “Тэгэхгүй бол тэр живнэ.” Харин бүхнийг нуруундаа үүрч явдаг охинд “Чи чадна" гэсэн хүчлэх үг хэлнэ. Ингээд л дандаа сэлж чаддаггүйг аварсаар…
Хүмүүсийн үг тэдэнд ингэж сонсогддог
Чи чадна 🎧 Чиний ядрах хамаагүй
Бид чамд итгэдэг 🎧 Чи дахиад босоод ирнэ
Чамд дандаа байдаг 🎧Чи ямар ч байсан олно
Тийм ээ… Чи олдог, Чи босдог, Чи даваад гардаг. Гэхдээ хэн ч чамаас асуудаггүй “Чи өөрөө зүгээр үү? Чи ядарсан уу? гэж ...
Нэг мэдэхэд чи өөрийгөө үнэгүйдүүлж эхэлдэг. Бусдын өгсөн жижигхэн зүйлд хүртэл
хэт баярлаж бүр “би авах ёсгүй юм биш биз…” гэж боддог болтлоо.
Хэн нэгнээс бэлэг авсандаа хүртэл санаа зовдог. Өөрөө байнга өгдөг атлаа авахдаа эвгүйцдэг. Учир нь чамд үргэлж нэг л зүйл хэлж ирсэн “Чи бол хүчтэй, Чи бол даваад гарна.” Тэгээд чи өөрийгөө “хэрэгцээгүй хүн” мэт мэдэрч эхэлдэг.
“Хүчтэй” хүмүүс… Тэд дуугүйхэн тэсдэг.
Бусдыг авардаг. Өөрөөсөө өгсөөр… хоосордог.
Тэгээд нэг өдөр чимээгүйхэн живж эхэлдэг. Хэн ч анзаарахгүй. Учир нь бүгд “аврах ёстой” хүмүүс рүү харж байдаг. Харин үнэндээ Хүчтэй хүн гэдэг хэзээ ч ядрахгүй гэсэн үг биш. Өөрөө гарч чадна гэдэг ганцаараа байх ёстой гэсэн үг биш. Чи чаддаг болохоор чамд тусламж хэрэггүй гэсэн үг биш.
Заримдаа хамгийн сайн сэлдэг хүн ч амсхийх хэрэгтэй байдаг.
Заримдаа хамгийн хүчтэй хүн ч аврах дугуй авах эрхтэй байдаг.