04/02/2025
Номадик Пуэрбокс ХХК нь амины орон сууцны мөн худалдаа, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарын нам температурын халаалтын хэрэглээг цогцоор нь үе шаттай шийдэх зорилгоор, фазын өөрчлөлтөнд ордог материалд суурилсан дулааны батерей, эрс тэс уур амьсгалтай газарт тохиромжтой дулааны насос болон фотоволтайк дулааны хавтан (PVT) ашиглан эрчим хүчний нэгдсэн системийг угсрах, худалдаалах төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эрчим хүчний хэрэглээг багасгах, цахилгааны зардлыг эрс буулгах боломжтой гэж харж байгаа.
Мэдээж энэхүү асуудлыг стартап компани ганцаараа шийдэх боломжгүй. Энэ их нөсөр ажилд хамтран ажиллаж буй инженерийн байгууллагуудтайгаа нийлээд, тоног төхөөрөмжүүдийн татан авалтыг жигдрүүлэх, угсралтын ажлуудыг сайжруулах, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн системийн хэмжээг тодорхойлох, эрчим хүчний хэмнэлтийн тооцоллууд шат шатандаа хийгдээд явж байна.
Халуун ус, халаалтын шийдлээ олох гээд хайж буй, хамгийн гол нь шинэ технологуудыг суурьлуулах, Монголд нутагшуулахад гарч болох хүлээн зөвшөөрөгдөх түвшинд гарсан эрсдлийг ойлгож, хүлээцтэй хамтран ажиллах албан байгууллага, айл өрхүүдтэй нээлттэй санал солилцоод эхэлснийг дуулгахад таатай байна.
Бааз, амралтын газар, амины орон сууц (зуслангийн байр), барилгын компани, зочид буудал, халуун усны хэрэглээ өндөр байдаг үйлдвэрүүд, ер нь халаалтын асуудлаа шинэ технологийн тусламжтай шийдэхийг хүссэн хэнд ч хамааралтай юм шүү.
Жич: Мэдээж цахилгаан халаагуур, нүүрсны галлагаа, хийн түлшинд суурилсан халуун ус, халаалтын системүүдтэй шууд харьцуулахад “үнэтэй юм байна” гэсэн өрөөсгөл дүгнэлт гарна. Манай санал болгож буй шийдлийн анхны хөрөнгө оруулалт харьцангуй өндөр мэт санагдах боловч урсгал зардал маш бага болохоор зардлаа тодорхой хугацааны дараа бүрэн нөхөх боломжтой.