06/07/2026
🎉 Төрийн өндөр шагнал – Гавьяат уурхайчин!
“Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ-ын харьяа "Бор-Өндөр" УБҮ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга Доржпүрэвийн Сүхбаатар нь “Гавьяат уурхайчин” цолоор шагнагдлаа.
👷♂️ Д.Сүхбаатар нь уул уурхайн салбарт 40 шахам жил тасралтгүй ажиллах хугацаандаа:
Бор-Өндөр УБҮ-д далд уурхайн нэвтрэгчээс ажлын гараагаа эхэлж,
Ээлжийн мастер, хэсгийн дарга, цехийн дарга,
ХАБЭА хариуцсан ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн,
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг нэр төртэй хашиж, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа, уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, инженер техникийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
🎖 Өмнө нь тэрээр:
2005 онд “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг,
2013 онд “Алтан гадас” одон,
2022 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.
2025 оноос ХАБЭА-н хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа үйлдвэрлэлийн ослыг 60 гаруй хувиар бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь төрөөс өндрөөр үнэлэгдсэн юм.
Эх орныхоо уул уурхайн салбарт олон жилийн хөдөлмөр, мэдлэг, ур чадвар, үнэнч зүтгэлээ зориулсан эрхэм уурхайчин Доржпүрэвийн Сүхбаатар танд халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн улам их амжилтыг хүсэн ерөөе! 🎉🇲🇳