12/09/2019
Эрт дээр нэгэн цагт нэгэн бөглүү, жижигхэн тосгон байдаг байжээ. Нэг л асуудлыг эс тооцвол тэнд амьдрахад үнэхээр үнэхээр сайхан газар байлаа. Бороо л орохгүй бол тосгонд усны өөр эх сурвалж байдаггүй байлаа. Энэ асуудлаасаа гарахын тулд тосгоны ахмадууд цуглаад өдөр тутмын хэрэгцээг хангаж байх усыг тосгонд зөөж авчруулах хүмүүсийг шалгаруулахаар уралдаан зарлажээ. Уралдаанаас хоёр хүн шалгарсан бөгөөд тосгоны тосгоны ахмадууд усны үнийг өсгөхгүй, өрсөлдөөнтэй байдлаар үнийг барьж байх бодлогын үүднээс хоёр хүнийг ийнхүү шалгаруулсан ажээ.
Энэ хоёр хүний нэг нь Эд байсан бөгөөд тэрээр ус хангагчаар шалгарсан даруйдаа л цайрдсан хоёр том хувин олж аваад нэг миль гаруй зайд оршдог нуур луу усанд явж эхэлсэн байна. Тэрээр өглөөнөөс эхлээд үдшийн бүрий болтол нуурнаас хоёр хувингаараа ус зөөсөөр нилээд мөнгө хийж авчээ. Тэрээр тосгоныхны хэрэгцээнд зориулж хийсэн маш том усны саванд хувинтай усаа юүлдэг байлаа. Тэр өглөө бүр тосгоныхон сэрэхээс өмнө хэрэгцээт усыг нь бэлэн байлгах байлгах гэж эртлэн босож, ажилдаг байв. Энэ нь үнэхээр хүнд ажил байсан хэдий ч тэрээр ус зөөх энэхүү ажлыг гүйцэтгэх эрх авсандаа болон үүгээрээ дамжуулан мөнгө хийж байгаадаа баярлан усаа зөөсөөр байв.
Хоёр ус хангагчийн нэг болох Билл хэсэг хугацаанд ор сураггүй алга болжээ. Хэдэн сарын туршид тэр ийнхүү алга болсонд өрсөрдөөнгүй бизнесдээ Эд л баяртай байлаа. Эд энэ хугацаанд мөнгийг ганцаараа олж байлаа.
Эдтэй өрсөлдөх гэж хоёр хувин худалдан авахын оронд Билл өөрийн бизнес төлөвлөгөөг зохиож, корпораци байгуулаад ажилчид хөлсөлж, бүхэл бүтэн ажлын багийнхаа хамтаар зургаан сарын дараа тосгонд иржээ. Жилийн дотор түүний багийнхан нуурнаас тосгон хүртэл маш том усны суваг татжээ. Үүнд шаардагдах хөрөнгийг Билл дөрвөн хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар гаргаж чадсан байна.
Энэхүү шугамыг ашиглалтанд оруулах нээлтийн өдөр Билл өөрийн усыг Эдийнхээс цэвэрхэн болохыг нь зарласан байна. Учир нь тэр хүмүүс Эдийн усыг бохир хэмээн гомдоллож байхыг сонссон байв. Мөн тэрээр хоногийн 24 цагийн турш, долоо хоногт долоон өдөр тасралтгүй усаар хангаж чадахаа мэдэгдсэн бөгөөд түүний усны үнэ Эдийнхээс 75% хямд байх талаар бас мэдэгджээ. Эдийнхээс ийм хямдхан мөртлөө өндөр чанартай усаар хангаж байгаад тосгоныхон түүнд баярлаж Биллийн усан шугамын уснаас хэрэглэх болсон байна.
Өрсөлдөөний нөгөө талд Эд өөрийн усны үнийг мөн 75% бууруулсан бөгөөд хувиндаа таг авч мөн нэг явахдаа хоёр биш харин дөрвөн хувин авч явах болсон байна. Мөн үйлчилгээгээ сажруулахын тулд тэр өөрийн хоёр хүүг ажилуулсан боловч сургууль нь эхлэнгүүт хөвгүүд нь явж одсон байна. Сургуулиа төгсөнгүүтээ эргэн ирж, аавынхаа ажилд туслаарай, учир нь энэ бизнес хэзээ нэгэн цагт тэднийх болох болно гэж тэр хөвгүүддээ захисан боловч яагаад ч юм тэд эргэж ирсэнгүй. Аргагүй эрхэнд ажилчид хөлсөлсөн боловч Эд удалгүй үйлдвэрчний эвлэлийн асуудалтай тулгарсан байна. Тэд өндөр цалин, илүү хангамж, мөн ажилчин нэг явахдаа нэг л хувин ус зөөх шаардлага тавьсан байна.
Нөгөө талд өөрийн тосгонд усны хэрэгцээг мэдэрсэн Билл бусад тосгонуудад ч гэсэн ус хэрэгтэй л байж таараа гэж үзээд мөн л бизнес төлөвлөгөө боловсруулж ойр хавийн тосгоныхонд үзүүлж улмаар тэдэнд мөн усны шугам тавьж өгөхөөр гэрээ хийсэн байна. Тэр нэг хувин уснаас нэг л мөнгөний ашиг хийдэг байсан боловч өдөрт хэдэн тэрбум хувин ус түүний шугамаар урсдаг байсан учраас түүний хувьд тэр өөрөө ажиллаж байгаа эсэхээс үл шалтгаалан хүмүүс түүний усыг хэрэглэсээр, харин түүний халаасанд мөнгө тэрбум тэрбумаараа орж ирсээр байлаа. Тэр өөрийн ашгаасаа хүртэхээс гадна мөнгөнөөсөө өөрийн усны шугамыг улам сайжруулан боловсруулж байлаа.
Билл аз жаргалтай сайхан амьдарч байх тэрхэн үед харин Эд бүхий л амьдарлынхаа туршид хатуу, хэцүү хөдөлмөрийг хийсээр мөнгөний хувьд байнга л дутагдалтай байсаар насан эцэслэжээ.
“Баян Аав Ядуу Аав” номын хэсгээс оруулав.
Эд, Билл нарын тухай энэхүү түүх нь надад маш олон зүйлийг заасан бөгөөд, миний амьдралд тулгарах асуудалыг шийдвэрлэхэд минь энэхүү түүх надад маш их тусалдаг.
Харин одоо би танаас өөрөөсөө асуудаг болсон асуултуудаа танаас бас асуумаар байна.
“Би усны шугам татаж байна уу? Эсвэл хувингаар зөөгөөд байна уу?”
“Би маш их хөдөлмөрлөөд байна уу? Эсвэл би ухаалаг хөдөлмөрлөж байна уу?”