01/03/2026
1915-1921 оны хооронд зургаан жилийн турш 13 настай Анна Новак ээжийгээ амьд мэт дүр эсгэж амьдарчээ.
Аннагийн ээж Мария 1915 оны 3-р сард сүрьеэ өвчнөөр нас барж, аав Йозеф нь ердөө хоёр долоо хоногийн дараа ханиадны улмаас өөд болов. Анна 3, 5, 7, 9 настай дөрвөн дүүтэйгээ ямар ч мөнгөгүй, тэднийг асрах төрөл садан ч үгүй хоцорчээ. Хэрэв эцэг эх нь хоёулаа нас барсныг хэн нэгэн мэдвэл хүүхдүүдийг салгаж, өөр өөр өнчин хүүхдийн асрамжийн газар руу явуулна, тэгвэл Анна дүү нараа дахин хэзээ ч харахгүй гэдгийг мэдэж байлаа.
Тиймээс Анна нэгэн шийдвэр гаргав: Тэр эцэг эхээ нас барсныг хэнд ч хэлэхгүй. Тэр өөрөө гэр орноо авч явж, дүү нараа өсгөхөөр шийдлээ. Юу ч болж байсан гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэх нь түүний цорын ганц зорилго байв.
Харанхуй шөнөөр хийсэн оршуулга
Анна эцэг эхээ шөнө дунд хашааныхаа ард оршуулжээ. Тэрээр харанхуйд хэдэн цагийн турш хүрзээр нүх ухаж, ээж аав хоёрыг нь нэргүй булшинд зэрэгцүүлэн тавив. Түүнд зохих ёсоор оршуулах мөнгө байгаагүй бөгөөд эрх баригчдад мэдэгдэх л юм бол бүх зүйл илэрчих гээд байсан тул ийм алхам хийжээ. Ингээд дөрвөн хүүхэд ганцаараа амьдарч эхлэв.
Анна булшин дээр цэцэг тарьж, дүү нартаа "аав ээж хоёр ажил хийхээр явсан, удахгүй ирнэ" гэж хэлжээ. Хамгийн бага дүү болох 3 настай Фрэнки үүнд бүрэн итгэж байлаа. Том дүү нар нь ямар нэг зүйл буруу байгааг гадарлаж байсан ч Анна тэдэнд асуулт асуухыг хориглосон тул юу ч асуусангүй.
Гэр бүлээ тэжээхийн тулд
Анна яг л ээж шигээ гэр орноо авч явж байлаа. Хоол хийж, гэрээ цэвэрлэж, хувцас угааж, гэр бүлийнхээ хүнсний хэрэгцээг хангадаг байсан цэцэрлэгээ арчилдаг байв. Тэрээр дүү нараа сургуульд бүртгүүлж, багш нарт нь "ээж нь өвдөөд сургуулийн арга хэмжээнд ирж чадахгүй байгаа" гэж хэлдэг байлаа. Аавынх нь хадгалсан жаахан мөнгө (ердөө нэг жил хүрэхтэй үгүйтэй) дуусах үед Анна нэхмэлийн үйлдвэрт шөнийн ээлжинд ажилд оров. Ингэснээр тэр өдөр нь гэртээ байж дүү нараа асарч чаддаг байжээ.
Үйлдвэрийн удирдлагуудад өөрийгөө 16 настай (үнэндээ 13-тай байсан) гэж хэлээд, өдөр нь өвчтэй ээжийгээ асрах шаардлагатай тул заавал шөнийн ээлж хэрэгтэй байгаагаа тайлбарласан байна.
Зургаан жилийн хууран мэхлэлт
Анна энэ нууцыг зургаан жилийн турш хадгалсан юм.
Багш нар уулзахыг хүсэхэд: "Тэд гэрээсээ гарч чадахааргүй өвчтэй байна" гэдэг байв.
Хөршүүд асуухад: "Дээрдэж байгаа, гэхдээ сайн амрах хэрэгтэй байна" гэж хариулна.
Байрны эзэн түрээс авахаар ирэхэд: "Ээж унтаж байна, аав ажилдаа явсан" гэж хэлнэ.
Анна маш үнэмшилтэй байсан бөгөөд сургуулийн хуудас, түрээсийн баримт дээр ээжийнхээ гарын үсгийг дуурайлган зурж сурсан тул хэн ч сэжиглэсэнгүй.
Энэ хугацаанд дүү нар нь өсөж торнижээ. Фрэнки 3-аас 9 нас хүрсэн бол бусад нь 13-аас 15 нас хүрцгээв. Том болсон дүү нар нь эцэг эх нь хэзээ ч эргэж ирэхгүйг, Анна ямар нэг зүйл нууж байгааг ойлгож байсан ч үнэнийг хэлэх нь бие биенээ алдана гэсэн үг гэдгийг зөнгөөрөө мэдэрч байсан тул юу ч асуухгүй Аннаг хамгаалж байлаа.
Үнэн илэрсэн нь
1921 онд Анна 19 нас хүрэхэд ажиллаж байсан үйлдвэр нь цомхотгол хийж, тэрээр ажилгүй болов. Түрээсээ төлж чадахгүй болсон тул байрны эзэн тэднийг хөөхөөр ирж, эцэг эхтэй нь уулзахыг шаардахад Анна аргагүйн эрхэнд үнэнийг хэлжээ. Гэр бүлээ хамт авч үлдэхийн тулд зургаан жилийн турш ганцаараа зүтгэж, бүгдийг хуурснаа нулимс дуслуулан ярив.
Байрны эзэн цочирдож, эрх баригчдад хандсанаар нийгмийн ажилтнууд ирж, насанд хүрсэн хүний хараа хяналтгүйгээр зургаан жил амьдарсан дөрвөн хүүхдийг олсон юм.
Эхэндээ эрх баригчид хүүхдүүдийг салгаж, өөр өөр газар явуулахаар төлөвлөж байсан ч Аннагийн түүх сонинд нийтлэгдэж, олон нийтийн анхааралд өртөв. Хүмүүс 13 настай охины ер бусын зориг, зүтгэлийг биширч, эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж эхэллээ. Хандив асар ихээр цугларч, Аннаг дүү нарынх нь албан ёсны асран хамгаалагчаар томилохыг шаардав. Эцэст нь эрх баригчид бууж өгч, Аннаг хууль ёсны асран хамгаалагч болгожээ.
Төгсгөл
Анна Новак дөрвөн дүүгээ бүгдийг нь өсгөж хүн болгосон юм. Тэд бүгд дунд сургуулиа төгсөж, хоёр нь коллежид суралцжээ. Тэрээр өөрөө гэр бүл зохиогоогүй—түүнд тийм цаг байсангүй, залуу насаа дүү нартаа зориулсан юм.
Тэрээр 1963 онд тэтгэвэрт гарах хүртлээ оёдолчноор ажиллаж, 1979 онд 77 настайдаа таалал төгсөв. Түүнийг өөд болоход дөрвөн дүү нь бүгд дэргэд нь байсан гэдэг.
Оршуулгын ёслол дээр түүний отгон дүү, 73 настай Фрэнки ингэж хэлжээ:
"Эцэг эх маань өөд болоход Анна 13-хан настай байсан. Тэр тэднийг шөнө дунд хашаандаа оршуулсан. Тэр бидэнд аав ээж хоёр ажилдаа явсан гэж хэлсэн. Тэр багш нар, байрны эзэд, хөршүүдийг зургаан жилийн турш хуурсан. Тэр түрээсээ төлөхийн тулд үйлдвэрт шөнийн ээлжинд ажилладаг байсан. Хуулиараа бол бид салах ёстой байсан ч тэр биднийг хамт байлгаж чадсан юм. Би одоо 73 настай, үр ач нартай. Бид бүгд Аннагийн ачаар өнөөдөр энд байна. Тэр зургаан жил худал хэлж, зургаан жил ажиллаж, бүх зүйлээ золиосолсон. Тэр ердөө 13-хан настай байсан. 13 настай хүүхдийн хайр, бууж өгөхгүй байх тэр их хүч ийм л харагддаг юм байна."
Oidov Vaanchig