09/07/2026
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 40 ЭМЧИЙН БҮЛЭГЛЭЖ ҮЙЛДСЭН ХЭРЭГ ХЭРХЭН ЗАМХАРСАН БЭ‼️
Баян-Өлгий аймгийн иргэд халамж үйлчилгээ хүртдэгээрээ улсдаа тэргүүлдэг. Тус аймагт “эрүүл, саруул” хүн ховор. Тэр тусмаа төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, сэтгэцийн эдгэрэшгүй өвчтэй иргэн хэдэн мянгаараа бүртгэлтэй байдаг ажээ. Мөн хагас болон бүтэн өнчин хүүхэд хэдэн мянгаараа бий. Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувь нь нийгмийн халамжийн санд ордог. Тэгвэл тэр мөнгөний ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг юм байна. Үнэхээр халамж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд Баян-Өлгий аймгийнхан амьдарч байна уу. Эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байна уу гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл хууль хяналтын байгууллагад Баян-Өлгий аймгийн зарим иргэнээс санал гомдол удаа дараалан ирэх болжээ. Тэд гурван асуудлыг баримттайгаар Цагдаагийн ерөнхий газар, АТГ-т хүргүүлсэн байна. “Улсын бүртгэл мэдээллийн төвд Монгол Улсын иргэн гэсэн бүртгэлтэй мөртлөө Казакстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казакстанаас давхардуулан мөн л тэтгэвэр, тэтгэмж авдаг хүн олон байдаг. Аймгийн төвийн эмч нар НДГ-ын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж олгож байна. Эмч нар бүр сүүлдээ группэд оруулж өгсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд санал өгөхийг тулгах болсон. Улсаас халамж авахын тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож, нас барсных нь дараа тэжээгчээ алдсаны тэтгэмж авч байна” гэх зэргээр гомдол тасрахгүй ирэх болжээ. Дээрх гомдлын дагуу АТГ, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажиллаад иржээ. Гэтэл иргэдийн ирүүлсэн мэдээлэл үнэн төдийгүй газар дээрээ маш олон ноцтой асуудлууд ч илэрчээ. Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг он, сар, өдөр, тушаал шийдвэртэй нь шалгаж үзэхэд бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал байгаагүй аж. Харин эмч нар үзлэг хийх үеэрээ хахууль авч, эрүүл саруул хүмүүсийг өвчтэй болгож, халамжид оруулж өгдөг авлигын сүлжээ нэгэнт тогтсон байжээ. Халамжийн үйлчилгээнд оруулахын тулд тухайн өвчтөнийг дан ганц эмч шийддэггүй. Эмч нарын үзлэг хийгдэж, аймгийн эрүүл мэндийн төвийн даргаар ахлуулсан эмч нар хуралдаж шийдвэр гаргаж, түүнийг нь баталгаажуулдаг. Иймд ажлын хэсгээс тухайн хөгжлийн бэрхшээлтэй гэх иргэдтэй очиж уулзахад гайхалтай зүйл болжээ. Төрөлхийн дүлий гэсэн оноштойгоор тэтгэмж авч байгаа арав гаруй хүний гэрийн хаягаар нь очиж уулзахад зарим нь цоо эрүүл байжээ. Ингээд байдал эвгүйдсэн учир эмчийн дүгнэлтээр хэлгүй гэсэн оноштойгоор халамжийн мөнгө сар бүр авч байгаа хүмүүсийн нэрсийг гаргаж, гэрийн хаягаар нь очиж уулзахад ихэнх нь цоо эрүүл байжээ. Бүр хэлгүй болоод 30 жил болж байгаа гээд 30 жил нийгмийн халамжийн үйлчилгээ авч байгаа хүн өөдөөс нь зүв зүгээр ярьж байжээ. Ингээд нийт 420 гаруй иргэнд оношлогоо хийхэд 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдсон байна. Иймд энэ хэрэгт Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгажээ. Мөн эмч нарт авлига өгч, нийгмийн халамж зүй бусаар авч байсан 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгажээ. Харамсалтай нь энэхүү хууль хяналт болон эрүүл мэндийн байгууллагын хамтарсан шалгалтаар уг хэрэгт холбогдсон 40 гаруй эмчээс өнөөдрийн байдлаар нэг ч эмч нь ял шийтгэл хүртсэнгүй. Харин ч бүр энэхүү эмч нарын сүлжээг ахалдаг гэх Б.Бейсен эмч нь Хүний гавьяат эмч болоод зогсохгүй УИХ-ын гишүүн болчихсон яваа нь хачирхалтай. УИХ-ын гишүүн Б.Бейсеныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй аж. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга болон гишүүд, тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар иргэдтэй бүлэглэн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох, сунгахдаа хүмүүст давуу байдал олгосон, хахууль авсан, мөнгө нэхсэн, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийг итгэмжлэлээр авч, уг мөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далддах зорилгоор өөрчилж мөнгө угаасан, нэр бүхий гэрчүүдийг зориуд худал мэдүүлэг өгөхийг ятгасан хэрэгт холбогдсон 51 хүний нэг нь Б.Бейсен гэдэг. Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен энэ тухай “Баян-Өлгий аймгийн эмч нарын холбогдсон хахууль авсан гэх хэрэгт би ямар ч холбоогүй. УИХ-ын сонгуулийн үеэр таарсан болохоор зохиомлоор миний нэрийг оруулж, гүтгэх гэсэн. Энэ хэргийг 2016 оны 7-р сараас хойш шалгаж байгаа. Гэтэл би Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 2012 онд томилогдоод 2014 онд ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Намайг ажлаа өгснөөс хойш хоёр жилийн дараа болсон хэрэг” гэж тайлбарладаг юм. Юутай ч 2020 онд анх хэрэг үүсгэн, гурван жилийн турш шалгаж, асар олон хүниййг хамарсан энэхүү хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй замхарчээ. Тус хэрэгт хамгийн их холбоотой гэх Сакен, Серикжан эмч нар нь орон нутагтаа ч албан тушаал хашсаар явна‼️‼️‼️