International Finance Consulting

International Finance Consulting Санхүүгийн зуучлал
Төслийн баримт бичиг боловсруулах Судалгаа, төлөвлөлт, бизнес, хөрөнгө оруулалт, менежментийн зөвлөх компани

07/05/2021

Япон ардын үг
1. Тэнэг, мулгуу хүнд ямар ч эргэлзээгүйгээр зам тавьж өг.
2. Эмэгтэй хүн нэг шулуудсан л бол хадан хавцлыг ч зүсээд гарна.
3. Явж буй хүнийг бүү зогсоо, ирж буй хүнийг битгий буцаа.
4. Удаан гэхдээ зогсолтгүй урагшлахыг хурдан гэнэ.
5. Муу хүний нөхөр байснаас сайн хүний дайсан байсан нь дээр.
6. Энгийн хүмүүсгүйгээр аугаа хүмүүс яаж төрөх билээ.
7. Өгсөхийг хүсч буй хүн л шат барьж чадна.
8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг.
9. Уйтгар гунигаа урагдсан даашинз мэт гэртээ үлдээ.
10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог.
11. Ойрын аянаас холын аян эхэлдэг.
12. Бодоод шийд, шийдсэн бол бүү бод.
13. Өрсөлдөгчөөсөө хагас цагаар илүү тэвчсэн нь ялагч болдог.
14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй
15. Орондоо хэвтэж байгаа хүн бүдэрдэггүй.
16. Хэн нэгэнд эргэлзэж буй бол 7 удаа шалга.
17. Инээд хөөртэй айлд аз жаргал ирдэг.
18. Инээмсэглэсэн царай руу сум харвадаггүй.
19. Хүйтэн цай, хүйтэн будааг тэвчиж болно, хүйтэн харц, хүйтэн үгсийг тэвчих хэцүү.
20. Шийдэж болох асуудалд санаа зовох хэрэггүйн адил шийдэж үл болох асуудалд санаа чилээхийн хэрэг юун.
21. Будаан түрүү боловсрох тусмаа толгойгоо бөхийдөг, хүн
баяжих тусмаа толгойгоо гэдийдэг.
22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй.
23. Нэг нохой дэмий хуцахад бусад нь дагаж хуцдаг.
24. Амьдралдаа ганц удаа хэрэглэхийн тулд сэлмийг насан туршдаа зүүж явдаг.
25. Дэндүү сайхан цэцэгнээс сайн үр жимс гардаггүй.
26. Хайрлаад харахад хар мэнгэ ч хацрын хонхорхой мэт үзэсгэлэнтэй.
27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй.
28. Мөчрийг зурахын тулд салхины сэвшээг мэдэр.
29. Чадах бүхнээ хий, үлдсэнийг нь хувь заяандаа даатга.
30. Навч хөвж, чулуу живэх цаг ирдэг.
31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр.
32. Сайн дархны гараас л сайн бүтээл төрдөг.
33. Хожим нь тэгш зогсохын тулд эхлээд бөхийж сур.
35. Гол гүнзгий тусмаа чимээгүй урсдаг.
35. Өөрийн хүслээр замд гарсан бол мянган бээрийг нэг бээрийн дайтай туулна.
36. Хүний хүн найр наадамд, өөрийн хүн гашуудал зовлон тохиолдоход ирдэг.
37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй. Copy

24/03/2021

УУ-н салбарт: Канад улсын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж

Канад улсын геологи, уул уурхай, газрын тос, үйлдвэрлэлийн салбарын туршлагад тулгуурлан Монгол улсад хэрэгжүүлж болох нэг зүйл бол уул уурхайн эрх зүйн зохицуулалтын зарим жишээ бөгөөд түүнийг уул уурхайн бодит жишээтэй харьцуулан илүү гүнзгийрүүлж судлах шаардлагатай:
Геологийн үндэсний албыг судалгаа, шинжилгээ, бизнесийн үйл ажиллагаатай болгон байгуулж, улсын төсөв болон ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс санхүүжүүлэх боломжийг нарийвчлан судлах;
Геологийн үндэсний албанаас эрэл хайгуулын ажлын тайлан, мэдээллийг веб хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй болгох;
Уугуул иргэдийн оролцоо уул уурхайн салбарт голлох нөхцөл болдог жишээнээс санаа авч тухайн орон нутгийн иргэдийг уул уурхайн тодорхой мэдлэгтэй болгох ажлыг боловсролын байгууллагатай хамтарч хийх, улмаар орон нутгийн мэргэжлийн удирдлагын байгууллагууд, олон нийтийн байгууллага болон ашигт малтмал олборлогч талуудын оролцоотой уул уурхайн үйлдвэрлэлийг байгаль орчинд халгүйгээр явуулах тухай гэрээ байгуулах;
Газрын тосны салбарт уламжлалт бус газрын тосны эрэл хайгуулын ажлын газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хувиар санхүүжүүлэн хөгжүүлэх;
Том гүрэнтэй хөрш байх бизнесийн болон худалдааны бэрхшээл нь манай улстай ижил төстэй байгаа учраас хэрэгжүүлж буй хөтөлбөр, төлөвлөгөөг нутагшуулах талаар мэргэжлийн байгууллагуудаар судалгаа хийлгэж, судалгааны үр дүнг бодит ажил болгоход анхаарах. Жишээлбэл, металл боловсруулах үйлдвэр барьж байгуулахад дотоодын ажиллах хүчнийг хэрхэн бүрдүүлэх талаар судалгаа хийх;
Дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх - уул уурхайн бүтээгдэхүүнийг хамгийн хямдаар тээвэрлэж болох тээврийн системийг богино хугацаанд төсөвлөн барьж байгуулах зэрэг асуудлыг судлан нэвтрүүлэх боломжтой.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт: Австрали улсын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж

Австрали улсын геологи, уул уурхай, газрын тос, үйлдвэрлэлийн салбарын туршлагад тулгуурлан ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс улсын төсөвт төвлөрч буй мөнгөнөөс жил бүр тодорхой хувийг хайгуулын салбарт тусгаж байх боломжтой;
Эрэл, хайгуул, ашиглалтын лицензийн төрөл, ангиллыг манай орны нөхцөлд тохируулан хэрэглэж, тэдгээрийн бүс нутгийн болон улсын төсөвт төвлөрөх эдийн засгийн нөлөөллийг гүнзгийрүүлэн судлах, цаашид уул уурхайн хууль, эрх зүйн орчныг шинэчлэхэд харьцуулан шинжлэх;
Эрэл хайгуулын ажлын тайлан, мэдээллийг мэргэжлийн байгууллагын веб хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй болгох;
Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөөс орон нутгийн төсөвт тодорхой хувийг төвлөрүүлж, тухайн орон нутгийн мэргэжлийн удирдлагын байгууллагууд, олон нийтийн байгууллага болон ашигт малтмал олборлогч талуудын оролцоотой гэрээ байгуулах. Энэхүү гэрээнд тухайн ашигт малтмал байршиж буй газар нутгийн байгаль орчны асуудлыг тодорхой тусгах мөн уул уурхайн компанийн олборлолтын болон санхүүгийн үйл ажиллагаа нээлттэй байхаар тусгах;
Газрын тосны салбарт уламжлалт бус газрын тосны эрэл хайгуулын ажлын газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос тодорхой хувиар санхүүжүүлэн хөгжүүлэх;
Шинээр баригдах газрын тосны үйлдвэрийн түүхий эдийн нөөцийн тооцоог тодорхой нарийвчлан тусгах. Дотоодын нөөц бололцоо хүрэлцэхгүй үед гадаадын аль орноос ямар төрлийн түүхий тос импортлох талаар судалгаа хийх;
Ашигт малтмалын боловсруулах болон цэвэршүүлэх үйлдвэрийг бүсчилж хөгжүүлэх талаар нэгдсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэх. Жишээлбэл, манай улсад аль бүсэд металлын боловсруулах болон хайлуулах үйлдвэрүүдийг барьж байгуулахад тохиромжтой байх талаар хийгдсэн судалгааны ажлууд, гарсан үр дүнг засаглалын ямар ч өөрчлөлтөд тууштай баримтлан цааш хөгжүүлэх.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт: ӨАБНУ-ын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж

Ашигт малтмалын зөвлөл нь Өмнөд Африкийн уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилтан бүр ямар нэгэн бэртэл гэмтэлгүй гэртээ харьсан байхыг зорьдог. Тийм учраас уул уурхайн компаниудын хамт, засгийн газрын гурван талт түншүүдтэй нягт хамтран ажиллаж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар аюулгүй ажиллагааны нэгдүгээр зэрэглэлийн гүйцэтгэлийг хангах зорилготой юм. Ашигт малтмалын зөвлөл нь мэргэжлийн эрүүл мэнд, сүрьеэ, ХДХВ/ДОХ-ын чиглэлээр гишүүдэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг.
Ашигт малтмалын зөвлөл нь засгийн газар болон бусад сонирхогч талуудыг оролцуулах, өөрчлөлт хийхтэй холбоотой бүх асуудлаар гишүүдийнхээ нэрийн өмнөөс засгийн газарт лоббидох чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн Ашигт малтмал болон газрын тосны нөөцийн хөгжлийн тухай хууль болон түүний холбогдох уул уурхайн дүрмийн зорилгыг хэрэгжүүлэхийг дэмжих үүрэг хүлээдэг.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны баг нь уул уурхайн салбарын ашиг сонирхлыг төлөөлөх, нөлөөллийн форумыг дараах байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг:
a. Уул уурхайн салбарын өсөлт хөгжил ба ажил эрхлэлтийн ажлын баг (MIGDETT)
b. Тогтвортой уул уурхайн үйлдвэрлэлийн ерөнхийлөгчийн орнуудын ерөнхий хэлэлцээрийн техникийн баг
c. Өмнөд Африкийн бизнесийн нэгдэл (BUSA)
d. Үндэсний эдийн засгийн хөгжил ба хөдөлмөрийн зөвлөл (NEDLAC)
Засгийн газар нь агентлаг, зөвлөлөөр дамжуулан насанд хүрэгчдийн боловсрол, сургалтаас эхлээд операторууд, уурхайчид, гар урчууд, техникчид, мэргэжилтнүүд, менежерүүдэд ур чадварыг хөгжүүлэх бүх түвшинд оролцдог. Энэ нь техникийн мэргэжлийн боловсрол, сургалтын коллеж, технологийн дээд сургууль, бусад их сургуулиудад онолын сургалт, магадлан итгэмжлэгдсэн сургалтын төвийн ур чадварын сургалт, ажлын байранд суурилсан туршлага байна.
Уурхайн ашиглалттай холбоотойгоор байгаль орчны менежмент - уурхайг хаах, тогтвортой хөгжүүлэх гэх зэрэг чиглэлээр судалгааны хэрэгцээ, үр дүнтэй хөтөлбөрүүдийг тодорхойлохын тулд Засгийн газар нь Ус сувгийн удирдах газар, Байгаль орчны яам, Ашигт малтмалын газар болон Өмнөд Африкийн Ашигт малтмалын зөвлөлтэй хамтран ажилладаг.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт: Казахстан улсын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж

Үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яам нь уул уурхайн салбарын нүүрс устөрөгчийн түүхий эдээс бусад ашигт малтмалын геологи хайгуулын, ашигт малтмалын нөөцийн суурийг боловсронгуй болгох, газрын гүний усны нөөц, ашигт малтмалын шаварлаг ашигт малтмалын олборлолтыг хянах, нүүрсний болон уранаас бусад хатуу эрдэс баялаг олборлох асуудлуудыг, харин Эрчим хүчний яам нь газрын тос, шатдаг хий, хийн түлш, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс, цөмийн энерги, хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялаг, хамгаалалт, хяналт, удирдлага байгалийн нөөц баялаг, орон нутгийн хатуу хог хаягдлын менежмент, сэргээгдэх эрчим хүчний асуудлыг хариуцан ажиллаж байна.
Газрын хэвлий, газрын хэвлийн ашиглалтын /Subsoil code/ тухай хуулийг баталсан, уг 2018 оны 6 дугаар сараас хэрэгжиж байна. Тус код нь хайгуул, лиценз олголт, ашиглалт, газрын тосны салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулж байна. Хуульд шинэчлэлт хийн код болгон баталснаар уул уурхайн салбарт тогтвортой хууль эрхзүйн орчин бүрэлдэх үндэс суурийг тавьсан. Зарим ашигт малтмалыг хайх, олборлох эрхийг зөвхөн дотоодын компаниудад олгож байна. Ураны салбарт зөвхөн дотоодын компаниуд давуу эрхтэйгээр газрын хэвлий ашиглах гэрээг олгож байна.
Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт болон өргөдлөөр давуу эрхтэйгээр олгож байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл 6 жил, ашиглалтын тусгай зөвшөөрөл 25 жилээр олгох бөгөөд сонгон шалгаруулалтаар олгосон талбайд газрын хэвлийг ашиглагч 24 сар үйл ажиллагаа эрхлээгүй бол төрөөс тусгай зөвшөөрлийг цуцалж байна.
2016 оны Хөрөнгө оруулалтын таатай индексээр Казахстан нь уул уурхайн 104 улсаас 74-р байр эзэлж байна. (Fraser Institute, 2017 [35]) Дэлхийн банкны "Doing Business 2019" тооцох индексээр Казахстан 190 орноос 28-р байранд орсноор гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байна. SSU-ийн код нь тухайн улсын хөрөнгө оруулалт, өсөлтийн чадавхийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж хөрөнгө оруулагч нарт итгэлийг төрүүлж байна.
Уул уурхайн салбарын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг дэлхийн нийт 30 гаруй оронд экспортолж байгаа бөгөөд нийт экспортын 20 хувийг, улсын жилийн орлогын 30 хувийг бүрдүүлж байна. Уул уурхайн түүхий эдийн үнийн хамаарлаас шалтгаалан эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа учраас Баялгийн сан байгуулсан.
Казакстаны төсвийн орлогын ихэнх хэсэг нь нефть, нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хий, хар ба өнгөт металл зэрэг түүхий эдийн орлогоос бүрддэг тул дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн өөрчлөлтөөс хэт хамааралтай байсан тул тогтворжуулалтын сан байгуулж, хэрэгжүүлэх шаардлага тавигдсан. 2000 онд Казакстаны Ерөнхийлөгчийн зарлигаар Казакстаны Үндэсний санг байгуулж, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн сөрөг өөрчлөлт гарах /экспортын үнэ буурах/ тохиолдолд ашиглах зориулалт бүхий улсын стратегийн нөөц болгохоор тогтоосон. Тус сан хадгаламжийн ба тогтворжуулалтын давхар үүргийг нэг сангийн бүтэцтэйгээр гүйцэтгэдэг ба үүний дагуу сан хөрөнгийн хоёр багцад хуваагддаг нь богино хугацаанд сангийн хөрөнгийн арвижилтыг хангах зориулалттай тогтворжуулалтын хөрөнгийн багц болон зохистой, бага хэмжээний эрсдэлтэйгээр урт хугацаанд сангийн хөрөнгийн орлогыг өсгөх зориулалттай хадгаламжийн хөрөнгийн багц юм.
Шинэ кодоор Ашигт малтмалын улсын нөөцийн улсын сан (Сан)-г үүсгэсэн. Уг санг хариуцсан байгууллага нь геологийн мэдээллийг цуглуулах, хадгалах, системчилэх, түгээх ажлыг хариуцахаар заасан. Уг сангийн бүтцээр дамжуулан шинэ хууль тогтоомжид геологийн мэдээллийг хянах, цуглуулах, нэгтгэх талаархи төрийн үүргийг тодорхойлж, цаашид "нууц биш" геологийн мэдээллийг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг эрх баригчид олгодог. Энэ нь уул уурхайн оператор компаниудад хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх механизм юм.
Казахстаны уул уурхайн хуульд Австралийн хууль, практикаас авсан шинэ ойлголт нь эрх хадгалах юм. Энэ нь үйлдвэрлэлийн лицензээр хөрөнгө оруулагчдад олгосон блокийг эзэмшиж байгаа боловч зах зээлийн нөхцөл байдал, технологи, давагдашгүй хүчин зүйл, нөхөн сэргээлтийн горимоос цаашид хайгуул хийх, олборлох шаардлагагүй юм. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг таван жилээр сунгаж болно, нэг удаадаа таван жилийн хугацаатай нэмж сунгана. Хадгалалтын статус олгогдсон бол үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгагдана.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт Норвеги улсын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж:
Норвеги улс нь Уул уурхайн эрх зүйн зохицуулалтыг 2010 оны Ашигт малтмалын хууль болон 1997 оны Газрын тосны тухай хуулиар зохицуулдаг.
Англо-саксоны эрх зүйн тогтолцоотой орнуудаас ялгаатай нь Уул уурхайн төрөлжүүлэн нэгтгэсэн хуулиар бус тус тусдаа хуулиар зохицуулсан байв. Жишээлбэл, уул уурхайн харилцааг зохицуулахад Төлөвлөлтийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Бохирдлын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэнэ.
Норвеги улсад Газар төлөвлөлт, барилгын хуулийн дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийг хуваарилж, тодорхой бүсэд хуваасан нь бусад хөгжингүй орнуудын зохицуулалттай төстэй байна.
Ашигт малтмалын зөвшөөрлийн асуудлыг Ашигт малтмалын удирдан зохицуулах газар зохион байгуулж, лиценз эзэмшигчийн үүргийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг нь манай улсын АМГ-ын чиг үүрэгтэй төстэй байна.
Газрын тосны олборлолт Норвеги улсын экспортын болон дотоодын зах зээлд чухал байр суурь эзэлдэгтэй холбогдуулан газрын тосны хайгуул болон олборлолтын асуудал нь Эрчим хүч, Газрын тосны яаманд зохицуулж, уг яам нь дараах үйлдвэрлэл, боловсруулалт, түгээлтийн үйл ажиллагаанд ч зөвшөөрөл олгож хяналт хэрэгжүүлдэг онцлогтой.
Газрын тос, байгалийн хийн орлогыг төрийн Глобал тэтгэврийн санд (Statens pensjonsfond Utland, SPU) болон арай жижиг төрийн Норвеги тэтгэврийн санд төвлөрүүлдэг.
Цөөнхийн эрхийг тусгайлан зохицуулсан нь Норвеги улсад уламжлалт аж ахуй, соёлыг хадгалах, бусад нутагтай харьцуулахад уул уурхайн үйл ажиллагааг арай хязгаарласан нь манай улсын зохицуулалтыг боловсруулахдаа анхаарч болох зүйл юм.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт Чили улсын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж:
Чили улс нь гадны хөрөнгө оруулалт татах болон хамгаалах бодлогуудын хэрэгжүүлэх, хянах, сайжруулах тал дээр анхаарал маш сайн хандуулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчдад дараах хоёр эрхээс нэгийг нь сонгож 10 жилийн турш эдлэж болно гэж дэмжлэг үзүүлдэг байна. Үүнд:
1. Нийт ААНОАТ-ын тогтмол хувь хэмжээг 42 хувиар тогтоолгох (одоогоор ААНОАТ-ын хэмжээ 35 хувь байгаа)
2. Бусад дотоодын хөрөнгө оруулагчидтай адил хэмжээний татвар төлөх;
Чили улсын засгийн газар хөрөнгө оруулалт татах зорилгын хүрээнд уул уурхайн компаниудыг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарж борлуулахыг дэмжих бодлого явуулж байна.
Хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хуулийн зохицуулалтууд ойлгомжтой, тодорхой байдаг. Тусгай зөвшөөрөл олголтын асуудлыг уул уурхайн концессийн хуулиас гадна газар өмчлөлийн тухай хуулийн хүрээнд зохицуулж байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2 жилийн хугацаатай байдаг бол ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хугацаагүй бөгөөд эзэмшигч нь хөрөнгө оруулахгүй эсвэл уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхгүй байсан ч хураагддаггүй. Тусгай зөвшөөрлийг зөвхөн өргөдлөөр олгодог. Тусгай зөвшөөрөл эзэмших нь тухайн газрыг эзэмших эрхээс тусдаа байдаг. Тусгай зөвшөөрлийг шилжүүлж, барьцаалж болох буюу холбогдох хуулинд өөрөөр заагаагүй л бол үл хөдлөх хөрөнгө мэт эзэмшиж, зарцуулж, шилжүүлж болно.
Нэг этгээдэд 1,000 га-гаас хэтрэхгүй талбайтай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог.
Ашигт малтмалыг металл болон металл бус гэж ангилах ба металл бус ашигт малтмалыг дотор нь нөөцөөс нь хамааруулж нөөц багатай, жижиг дунд үйлдвэрлэл тохиромжтой, давс ба өргөн хэрэглээнийх болон барилгын материал гэж ангилдаг. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих, хөнгөлөлт, үзүүлэх, хөгжүүлэхэд түлхэц болдог.
Шатах төрлийн ашигт малтмалыг уул уурхайн хуулиараа зохицуулдаг ч эрчим хүчний яаманд харьяалагддаг. Газрын тосны бүх асуудлыг зөвхөн төрийн хяналтаар зохицуулж, тусгай бодлогоор хамгаалдаг.
Чили улсад хүнд үйлдвэрлэл гэсэн нэршил байдаггүй ба загас, хими, мод болон жимсний салбаруудыг хүнд үйлдвэрлэл гэдэг ангилалд авч үздэг.
Ашиглалт явуулах Олон нийтийн лиценз /Social license to operate/ гэж байдаг, энэ нь тухайн орон нутгийн зөвшөөрөл буюу хоорондын тохиролцоо юм. Хичнээн холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсанч энэ талын дэмжлэг байхгүй бол ажиллах боломжгүй байдаг.
Чили улсын яамны харьяалалд Үндэсний геологи болон уул уурхайн алба гэж байдаг нь агентлагийн чиг үүргийн хажуугаар давхар судалгааны ажлыг явуулдаг.
Чилийн засгийн газар нь усны хомсдолтой бүс нутгуудад цэвэр усны нөөцийг ашиглахыг хориглосон бөгөөд ингэснээр компаниуд өндөр зардалтайгаар (жишээ нь: давсгүйжүүлсэн далайн ус) усны нөөц ашиглахад хүрч байгаа юм. Хаалт, нөхөн сэргээлтгүйгээр эвдэрч орхигдсон газруудыг цөөхөн жилд нөхөн сэргээсэн байна. Үүний тулд сайн хууль боловсруулж, жил бүр төлөвлөгөө гарган ажиллаж бага багаар хийж гүйцэтгэжээ.
Уул уурхайн бүс болон уул уурхайн бус бүс хоёрын хөгжлийн ялгаа хэт их болсон тул бүсчилсэн хөгжлийн бодлогыг дахин боловсруулах, буурай хөгжилтэй бүсийг дэмжих бодлого явуулахаар ажиллаж байна. Чили улс уул уурхайн салбар дээр түшиглэн бусад салбараа хөгжүүлэх урт, дунд хугацааны бодлого боловсруулан ажилласнаар эхнээсээ үр дүнд хүрч эхэлсэн байна. Үүнд: уул уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж зохион бүтээгч, үйлдвэрлэгч, нийлүүлэгч дэлхийн хэмжээний том орон болох. Үүний тулд Чили улсад үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан томоохон группуудын дэмжлэгтэйгээр тэдний үйл ажиллагаа явуулдаг орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх замаар ажилладаг. Мөн уул уурхайн олборлох, боловсруулах ялангуяа зэсийн салбарт мэргэшсэн туршлагатай инженерүүд бэлтгэгдсэн нь эргээд бусад орнуудад өндөр цалинтайгаар ажиллах боломжийг олгосон.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт БНЭУ-ын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж

БНЭУ геологи, хайгуулын мэдээллийг нээлттэй болгох, гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийхийг хөхүүлэн дэмжих талаар эрчимтэй ажиллаж байна. Хайгуулын ажлыг эрчимжүүлэхийн тулд системтэйгээр авч хэрэгжүүлж буй бодлогоос:
a. Уул уурхайн компаниудын АМНАТ-ийн 1-2 хувиар “хайгуулын ажлын сан” бүрдүүлэх,
b. 1:5 000 хүртэлх масштаб бүхий хайгуулыг дээрх сангаас санхүүжүүлэн хийх,
c. Хайгуул хийсэн талбайн мэдээллийг цахим хуудсанд нээлттэй байршуулах,
d. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй дуудлага худалдаагаар олгох,
e. Тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгж хооронд шилжүүлэхийг хориглох ба хэрвээ шилжүүлэх шаардлага гарвал дахин нээлттэй дуудлага худалдаагаар шийдвэрлэх.

БНЭУ-ын аж үйлдвэрийн эрчимтэй бодлого амжилттай хэрэгжиж байгаагийн үндэс нь тус салбарыг хөгжүүлэхэд нөлөөлж буй дэмжлэг болон саад тотгор болох хүчин зүйлсийг олон улсын байгууллагуудтай хамтран судалж, олон улсын хөрөнгө оруулалтыг татахын тулд тухайн саад болж буй хүчин зүйлсийг нэн тэргүүнд шийдэхийг зорьж байна. Хамгийн эхэнд шийдвэрлэсэн асуудал нь бизнес эрхлэх орчинг нэн таатай хөнгөлөлттэй болгож, олон тооны шат дамжлаг дамждаг байсныг нэг цонхны үйлчилгээгээр шийддэг болж, мөн засгийн газрын оролцоог хамгийн бага байлгаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих, тэргүүлэх секторын талаарх нарийвчилсан мэдээллийг гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдад цаг алдалгүй хүргэхүйц платформ ажиллуулсан явдал байв. Үр дүнд нь бизнесийн орчин маш хурдацтай сайжирч, Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн талаарх хүлээлт эерэг болж байгаа тул ГШХО асар хурдацтай нэмэгдэж байна. ГШХО татахын тулд олон улсын хэмжээнд гардаг “Doing of business” тайланд дурдагддаг, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг асуудлуудаа нэн тэргүүнд шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг маш их татсан.

БНЭУ нь түүхий газрын тосны цэвэр импортлогч боловч боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний экспортлогч орон болоод байна. Иймээс газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг манай улсад нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтой.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

24/03/2021

УУ-н салбарт БНХАУ-ын туршлагаас Монгол улсад нэвтрүүлэх боломж:

Дэлхийн шилдэг туршлагыг маш хурдтай нэвтрүүлж байгаа болохоор уул уурхайн олборлолт, ашиглалт, баяжуулалт, үйлдвэрлэл нь Хятадын зохицуулалттай өөр дөхөм байвал худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай дагасан бүтээн байгуулалт хурдтай урагшлах нөхцөл бүрдэнэ.

Уул уурхай давамгайлсан бүс нутгийг мөн адил уул уурхайн бүс болгон зарлаж, уул уурхайн бизнесийн орчинд ашигт малтмалын орлого татан төвлөрүүлэх болон хуваарилах систем, татварын бааз суурь, татварын орлогын менежментийн тусгайлсан бодлого хэрэгжүүлэх, энэ нөхцөлд Хятад улсынхтай адил 4 бодлогыг багцаар авч үзэж болно.

Гадаадын болон хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих болон хамгаалахдаа Хятадын компаниудыг дотоодын компаниудтай хамтран ажиллах байдлыг технологийн ашиглалт, нэвтрүүлэлтийн стандарт талаас илүү дэмжих талыг нарийвчлан шинжилж, уул уурхайн бодлогын шийдвэр гаргалтыг зохистой байлгах тал дээр анхаарал хандуулж болно.

Монголын олборлогч компаниудаас худалдан авалт хийж буй Хятадын худалдааны компаниуд эргэлтийн хөрөнгө сайтай учир илүү их ашгийг тэд хүртэж байна. Иймд улсын томоохон худалдааны компанийг байгуулж, шууд эцсийн хэрэглэгчдэд нийлүүлбэл өндөр ашгийг эргээд Монгол руу татах болно.

Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулагчид нь ихэвчлэн Хятад улсаас байгаа тул Монголын хууль эрх зүй, зохицуулалтын баримт бичгийг хятад хэлээр орчуулан тэдэнд илүү ойлгомжтой болгох талаар ажиллаж болох юм.

Нутгийн иргэдэд хариуцлагатай уул уурхайн ач холбогдлыг танин мэдүүлэхдээ орон нутгийн засаг захиргааны эрх мэдэл, хариуцлагыг илүү тодорхой болгож, холбогдох гарын авлага, хэрэглэх зааврыг түвшин түвшингээр боловсруулж, менежмент, хэрэгжилт, үнэлгээ, хяналтыг чангатгаж болох юм.

Эх үүсвэр: Монгол улсын геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгдсэн бодлого, стратеги боловсруулах судалгааны тайлангаас

ОРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНАhttp://nda.gov....
20/02/2020

ОРОН НУТАГТ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОН НОГООН ТЕХНОЛОГИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТАНЫГ УРЬЖ БАЙНА
http://nda.gov.mn/1599.html

Address

Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when International Finance Consulting posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to International Finance Consulting:

Share