08/04/2023
Хүний биеийн хэлэмжийг уншиж ойлгох нь
(“Чанарын судалгаа” номын хэсгээс)
Хүн төрөлхтөн нэг нэгэнтэйгээ хязгааргүй олон аргаар харилцах гайхалтай ур чадваруудыг эзэмшсэн байдаг. Барууны соёлд рационал харилцааг бусад харилцааны хэлбэрүүдээс илүүд үздэг тул хэл яриаг голчлон ашигладаг. Хэдий тийм ч гэлээ хэл ярианы бус харилцаа мөн үүнээс дутахааргүй чухал байдаг. Нүдний хөдөлгөөн, хөмсгөө зангидах, ярвайх, алхаж гишгэх хэв маяг бүгдээрээ бидний хэрэглэж буй үг хэллэгийг дэмжих (эсвэл сулруулах) боломжтой. Үүнтэй адил бидний үгийн сонголт, тэдгээрийг хэрэглэж буй байдал буюу өргөлт, зогсолт, хоолойны өнгө зэрэг нь үгнээс дутуугүй чухал нөлөөтэй байдаг. Зарим харилцаа ойлгомжтой ил тод байдаг бол ихэнх харилцаа бидний ил ухамсрын түвшнөөс гадна өрнөдөг. Чанарын судлаачид эдгээр харилцааны арга хэрэгслүүдийг таньж мэдэн ойлголтоо нэмэгдүүлэх шаардлагатай байнга тулгардаг. Ингэснээр тэд хэрэглэгчдийн хэрэгцээ, хандлага, зан төлөвийг илүү гүн гүнзгийгээр ойлгох хаалгыг нээх юм.
Хэл ярианы бус харилцаа буюу биеийн хэлэмж гэдэг нь үг ашиглахгүй харилцахыг хэлнэ. Үүнд нүдний болон нүүрний хөдөлгөөн, биеийн байрлал, үйлдэл гэх зэрэг биеийн илэрхийлэмжүүд багтана. Эдгээрийг чанарын судлаач ажиглан утга учир оноодог. Үүнд мөн уйлах, чарлах, дуугаа хураах гэх зэрэг дуу хоолойн өөрчлөлт, авианууд багтана. Гэхдээ эдгээр нь хэл ярианы харилцаанд илүүтэй хамаарагддаг.
Хүмүүс бид харц тулгаран ширтэлцэх, инээмсэглэх зэргээр харилцан хүндлэл тогтоодог. Ихэвчлэн биеийн хэлэмжийг хэл ярианы харилцаанаас өмнө үүссэн бөгөөд илүү нөлөөтэй гэж тайлбарладаг. Энэ нь олон янз байдлаар илэрнэ. Тухайлбал өндөр сэтгэл хөдлөл агуулсан (эрхлэх, хайраа илчлэх, уучлалт гуйх) харилцаа биеийн хэлэмжээр илүү сайн илэрхийлэгддэг. Учир нь биеийн хэлэмж илүү олон утга санаа, нарийн нандин зүйлсийг илэрхийлэх чадамжтай байдаг аж.
Та биеийн хэлэмжийг хэрхэн уншиж ойлгох талаар дэлгэрэнгүйг энэхүү номоос судлах боломжтой.
📖: https://internom.mn/%D0%B1%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0/9789919000196-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B0%D1%80%D1%8B%D0%BD-%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B0