16/12/2019
ДАРХАД ЦАГААН АДУУ
Энэ омгийн адуу нь дээр үеэс Хөвсгөл Соёны 2300-2500 метрт өргөгдсөн, өвөл 40-60 см цас унадаг, -50 хэм хүртэл хүйтэрдэг тайгын эрс тэс нөхцөл бүхий бүс нутагт дан бэлчээр ашиглан өсч үржиж иржээ.
Дархад адуу тэсвэр хатуужлаар сайн, чадал тэнхээ ихтэй, уналга эдэлгээ сайн даадаг, бие чийрэг, бат бэх, ул туурай сайн мал юм. Дархад адууны зүс голдуу цагаан цайвар, борлог байдаг.
Дархад адуу нь цээж өргөн, бие урт, булчин махны хөгжил сайтай, арьс зузаан, өтгөн дэл сүүлтэй, уналга ачлага, тээврийн зориулалтаар ашиглахад тохиромжтой юм.
Үржлийн азарганы мундааны өндөр 129-132см, биеийн ташуу урт 137-139 см, цээжний бүслүүр 167-172 см, шилбэний тойрог 19-21 см, амьдын жин 340 кг, гүүний мундааны өндөр 127-129 см, биеийн ташуу урт 134-136 см, цээжний бүслүүр 160-163 см, шилбэний тойрог 18.5-19.5 см, амьдын жин 360 кг байдаг.
Дархад адууны өөр нэг онцлог нь сүүний гарцаар бусад омгийн адуунаас илүү байдаг. Тухайлбал монгол гүүний 1 удаагийн саам 300-350 мл бол Дархад гүүнийх 500-800 мл байна. Дархад адууны үржлийн цөм сүрэг Хөвсгөл аймгийн Хатгал, Улаан-уул, Ренчинлхүмбэ суманд байгаа бөгөөд тоо толгойг нь олшруулах зорилт тавин ажиллаж байна....