18/04/2019
ШУУД ХУДАЛДАА ГЭЖ ЮУ ВЭ?
Үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчдэд хүрдэг бараа үйлчилгээний урсгалыг шууд худалдаа гэдэг.
Өөрөөр хэлбэл дундаа бөөний болон жижиглэнгийн зууч (дэлгүүр, супермаркет, бөөний төв) ашигладаггүй гэсэн үг. Худалдааны энэ аргын үүсэл нь магадгүй худалдаа арилжаа, солилцоо үүссэн цагаас хойш боловч хөгжлийнх нь хамгийн оргил шат нь өнөө үе.
Яагаад дэлхийн томоохон компаниуд худалдааны классик аргаасаа татгалзан эргээд "галавын" үеийн энэ аргаар худалдаагаа эрхлэх эрмэлзэлтэй болчихов оо?
Хариулт нь маш энгийн, би сахлын татуурганы үй түмэн ТВ реклам, орчин үеийн платформууд ашигласан дижитал маркетингаас илүү найз Болдоогийнхоо үгэнд, эвсэл худалдааны зөвлөх Энхээгийн "амьдаар" харуулсан бодит байдалд илүү итгэдэг гэсэн үг.
Бодитой юу, бодитой. Харьцуулсан уу, харьцуулаад илүүг нь харуулчихаж. Олон дамжлага үгүй тул хямдхан уу, мэдээж хэмнэлттэй!
Бүтээгдэхүүн үйлчилгээний сая сая сонголттой өнөө үед сонгох бол том асуудал, харин нэг сонгочихсон байхад өнөөхөө мөддөө тавихгүй зуурах нь элбэг.
Ердөө л энэ, том үйлдвэрлэгчид, толгой компаниуд хэрэглэгчидтэйгээ ойртох, тэднийг "танин мэдэх", удаан "найзлах" гол арга зам нь яалтчгүй худалдааны энэ аргыг сонгох болгочихоод байна.
Компаний толгойн гол өвчнүүдийн нэг бол хэрэглэгч маань яг юу хүсэж байгааг мэдэх, мэдрэх!
Шууд худалдаа нь үүнийг дамжлагагүйгээр хэлээд өгч байна. Хэрэглэгч дэлгүүрт байгаа Борнуурын төмс-нд эргэлздэг, үнэ нь ч мэдээж дэлгүүрийн нэмүү өртөг шингэчихсэн байгаа нь тодорхой.
Харин Борнуурын машин дээрээс, Борнуурын ногоочин, Борнуурын төмсийг миний өөрийн талбайн хольцгүй төмсөө хө гэхэд худалдан авах сэдэл төрж, үнэ нь бага байгаа нь тодорхой тул худалдан авч улмаар хэд хэд хоол хийснийхээ дараа андахаа байж хайж эхэлдэг.
Шууд худалдааны гол давуу талуудын нэг нь энэ. Хэн ч хийж болдог, хэзээ ч хийж болдог, цаг хугацаа, орон зай, боловсрол туршлага харгалзахгүйгээр хийж болдог гэх мэт үйлдвэрлэгчийн хувьд нэн хүсүүштэй олон давуу тал бий.
Ер нь ч боршуураар эсвэл зурагтаар байраа аваарай хямдарлаа шүү гэдгээс Анхаагийн гэр бүлийг шинэ байрандаа аваачиж байгаад "тулж" харьцсан нь үр дүнгийн хувьд шал өөр л дөө.
Шууд худалдааны бас нэгэн давуу тал бол өрсөлдөгч бүтээгдэхүүн үйлчилгээтэй шууд харьцуулж өөрийн давуу талыг гаргаж ирэх боломжийг худалдаачинд олгодог. Мэдээж мэдээллийн аль ч хэрэгслээр ийм том давуу талын талаар саналтгүй.
Орчин үеийн бизнес техник технологиосоо илүү ухаалаг болж байгаагийн том тусгал бол face-to-face амьд харилцааг санагалзсан ШУУД ХУДАЛДАА юм аа.
Г.Сэржхорол