27/09/2026
🌱 КЫРГЫЗСТАНД “ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Кыргыз улсын нийслэл Бишкек хотноо “Органик хөдөө аж ахуйн үндэсний өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулагдаж, төрийн байгууллага, органик үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээ, баталгаажуулалтын байгууллага, олон улсын хөгжлийн түншүүд болон Төв Азийн орнуудын төлөөлөл нэг дор цугларлаа.
🇲🇳 Монгол Улсаас Эс Эф Си Эс ХХК (SFCS LLC) болон “Торгоны замын энхийн элч” ТББ тус арга хэмжээнд уригдан оролцож, Төв Азийн органик үйлдвэрлэлийн хөгжил, баталгаажуулалт, үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагаа, олон улсын зах зээлд гарах боломжийн талаар санал, туршлага солилцов.
🇰🇬 Кыргыз Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн №40 зарлигаар “Органик хөдөө аж ахуйн үндэсний өдөр”-ийг бий болгож, жил бүрийн 9 дүгээр сарын сүүлийн Баасан гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоосон нь онцгой ач холбогдолтой юм.
Энэ өдөр нь зөвхөн баяр, арга хэмжээ төдий бус органик бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, амталгаа, сургалт, семинар, туршлага солилцох уулзалт зохион байгуулах, үйлдвэрлэгчдийг хэрэглэгч, зах зээлтэй холбох, органик хөдөө аж ахуйн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах үндэсний хэмжээний индэр болж байна.
🌏 Арга хэмжээний үеэр Төв Азийн орнууд өөрсдийн органик салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн бодлого, туршлагаа танилцууллаа. Казахстаны төлөөлөл органик газар тариалан, хөрсний үржил шим, органик үр, биологийн хамгаалалт, шинэ технологи, баталгаажуулалт болон экспортын боломжийг онцолсон бол Тажикистаны төлөөлөл уулын бүс нутгийн органик үйлдвэрлэл, жижиг үйлдвэрлэгчдийг хоршоо, кластерт нэгтгэх, баталгаажуулалт, хяналт, мөшгөх тогтолцоог хөгжүүлэх, уулын органик бүтээгдэхүүний үндэсний брэнд бий болгох шаардлагыг хөндлөө.
Түүнчлэн органик үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд баталгаажуулалтын хүртээмж, зардал, үйлдвэрлэгчдийн мэдлэг, дэд бүтэц, боловсруулах болон савлах хүчин чадал, мөшгөх тогтолцоо, лабораторийн чадавх, санхүүжилт зэрэг асуудлыг бүс нутгийн хэмжээнд хамтран шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлгүүд харууллаа.
🇲🇳 Кыргызстаны энэхүү санаачилга Төв Ази болон Дэлхийн бусад Улсад ч сайн туршлага, шинэ санаа өгч байна.
Монгол Улс уламжлалт мал аж ахуй, байгалийн бэлчээр, газар тариалан, зэрлэг түүхий эдийн арвин нөөцөд түшиглэн органик үйлдвэрлэлээ хөгжүүлэх томоохон боломжтой.
🌿 Органик бол зөвхөн бүтээгдэхүүн биш. Энэ бол хөрс, ус, биологийн олон янз байдал, хүний эрүүл мэнд, хөдөөгийн хөгжил, ирээдүй хойч үедээ үлдээх тогтвортой хөгжлийн сонголт юм.
Төв Азийн орнууд органик үйлдвэрлэлийн шинэ үеийг хамтын ажиллагаагаар эхлүүлж байна. Монгол Улс ч өөрийн давуу тал, онцлогт тулгуурлан энэхүү бүс нутгийн органик хөдөлгөөнд идэвхтэй оролцох өргөн боломжтой.
#ОрганикӨдөр
#ОрганикХөдөөАжАхуй #МонголОрганик
#ТогтвортойХөгжил