15/09/2026
ХАБЭА-Н АЖИЛТНЫ ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭХ ЗӨВЛӨМЖ
🔹2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ХАБЭА-н ажилтан бэлтгэх сургалтын төгсөлтийн онолын шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдуулан сургалтын байгууллага болон төгсөгчдөд дараах зөвлөмжийг хүргэж байна.
👉🏻124 цагийн сургалтын үндсэн зорилго нь суралцагчийг бүх салбарын хууль тогтоомж, дүрэм, стандартын нарийвчилсан агуулгыг бүрэн эзэмшсэн мэргэжилтэн болгоход бус, ХАБЭА-н ажилтны үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, арга зүй, мэдээллийг зөв ашиглах чадвар эзэмшүүлэхэд оршино.
🔹Иймээс төгсөлтийн шалгалтын асуултыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н ажилтан бэлтгэх жишиг сургалтын хөтөлбөрийн агуулга, сургалтын үр дүн, нийтлэг хэрэглэгдэх хууль тогтоомж болон ХАБЭА-н ажилтанд зайлшгүй шаардлагатай суурь мэдлэгийн хүрээнд боловсруулна.
📌Тодорхой нэг салбарын онцлогт хамаарах нарийвчилсан стандарт, техникийн шаардлага нь жишиг сургалтын хөтөлбөрийн үндсэн агуулгад тусгагдаагүй тохиолдолд тухайн салбарын нарийвчилсан мэдлэгийг төгсөлтийн шалгалтын үндсэн агуулгад оруулахгүй байх зарчмыг баримтална.
👉🏻Төгсөлтийн шалгалтын зорилго нь туршлагатай мэргэжилтний нарийвчилсан түвшний мэдлэгийг үнэлэх бус, сургалтын үр дүнд эзэмшсэн ХАБЭА-н ажилтны суурь мэдлэг, ойлголт, арга зүйг бодитой үнэлэхэд оршино.
🔹Шалгалтын асуултыг модуль, сорилын төрлөөр ангилсан асуултын сангаас санамсаргүй сонгон, шалгуулагч бүрд ялгаатай хувилбар үүсгэх зарчмаар зохион байгуулна. Хариултыг цахим системээр автоматаар шалгаж, оноо болон дүнг тооцно. Шалгалтын зохион байгуулалт, шалгуулагчийн бүртгэл, мэдээллийг баталгаажуулах, шалгалтын явцад хяналт тавих, техникийн саатал болон гомдол, маргаантай холбоотой асуудлыг холбогдох журам, зохицуулалтын дагуу шийдвэрлэхэд холбогдох байгууллага, ажилтан оролцох юм.
👉🏻Цахим системд жишиг сорил ажиллуулах боломж бүрдүүлж, суралцагчдыг шалгалтын бүтэц, асуултын төрөл, сорил ажиллуулах зарчим, хугацааны зохион байгуулалт болон цахим системийн хэрэглээнд урьдчилан дадлагажуулна.
🔹Жишиг сорилын үр дүнд үндэслэн суралцагч мэдлэгийн дутуу хэсгээ тодорхойлж, холбогдох модулийн агуулгыг давтан судлах боломжтой байна.
📌Жишиг сорил нь төгсөлтийн шалгалтын асуултыг шууд хуулбарлахгүй бөгөөд шалгалтын бүтэц, агуулга, асуултын төрөл, хүндрэлийн түвшинтэй танилцах, мэдлэгийн дутуу хэсгээ тодорхойлох, шалгалтын хугацааг зөв төлөвлөхөд чиглэнэ.
🔹Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны А/130 дугаар тушаалаар батлагдсан жишиг сургалтын хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн зайлшгүй уншиж, судлах хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт болон бусад холбогдох материалын жагсаалтыг энэхүү зөвлөмжийн хамт хүргэж байна.
📌 Хууль, дүрэм, журмыг Legalinfo.mn дахь хүчин төгөлдөр нэгтгэсэн эхээр, стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын албан ёсны сангаас авч судална уу.
📎 Дэлгэрэнгүй жагсаалтыг: https://drive.google.com/file/d/1iWRw2u9af8UEfvICYYXcyXKynMcFzHaj/view?usp=sharing