20/09/2026
#Япон цэцэрлэгийн тухай
日本の幼稚園について
🇯🇵🇲🇳🇯🇵🇲🇳🇯🇵🇲🇳
Японд 2 төрлийн цэцэрлэг байдаг. Нэг нь боловсролын яамны харъяа сургуулийн өмнөх боловсролын цэцэрлэг (幼稚園)、нөгөө нь нийгэм халамжийн яамны харъяа халамжийн цэцэрлэг (保育園)юм.
Боловсролын яамны харъяа цэцэрлэг (幼稚園) бол боловсролын яамнаас олгодог тусгай зөвшөөрлөөр ажиллах бөгөөд хүүхдийн мэдлэг боловсролд анхаарч, сургуульд орохын өмнө мэдлэг олгодог цэцэрлэг юм.
3 -4 настай болсны дараа хүүхдээ өгдөг.
Ойрын үед цаг үеэ даган өөрчлөгдөж байгаа цэцэрлэг ч байдаг.
Халамжийн цэцэрлэг бол боловсрол мэдлэгээс илүү хүүхдийг асарч хамгаалах зорилготой анх бий болж байсан байгууллага бөгөөд ээж нь ажилладаг, ээж аав нь оюутан, ганц бие аав ээжүүд зэрэг хүүхдээ өдрийн цагаар харж хамгаалж чаддаггүй эцэг эхэд зориулагдсан цэцэрлэг юм.
Япон улсын хэмжээнд 23000 орчим байдаг.
4-6 сартайгаас хүүхдээ өгч болдог.
Тийм ч учраас боловсролын яамны цэцэрлэгт явдаг хүүхдүүд англи хэл, тоо зэрэг олон мэдлэг олж авдаг.
Халамжийн цэцэрлэг ийм мэдлэгээс илүүтэй хүүхдүүдэд бие даах чадварыг илүү эзэмшүүлдэг.
Сургуульд орсны дараа боловсролын цэцэрлэгийн хүүхдүүд сурах аргаараа илүү байдаг бол улсын цэцэрлэгийн хүүхдүүд сэтгэл зүйн хувьд илүү хүчирхэг, бие даасан болчихсон байдаг.
Энэ хоёр хэлбэрийг нэгтгэсэн шинэ бас нэгэн төрлийн цэцэрлэг бий болсон.
Энэ нь ерөнхий сайдын удирддаг дотоод явдлын хэлтсээс (内閣府)зөвшөөрөл аван ажилладаг 認定こども園 буюу зөвшөөрөгдсөн хүүхдийн цэцэрлэг юм.
Энэ хэлбэрийн цэцэрлэг нь дээрх хоёр цэцэрлэгийн холимог хэлбэр юм.
Шууд өргөдөл өгөх (бoлoвсрoлын тал нь давамгай бол) юмуу, дүүрэг хотоор дамжуулан(халамжийн тал нь түлхүү бол) өргөдөл өгч болдог.
Япон улсын хэмжээнд 2800 орчим байдаг.
Хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагийн улмаас улс мөнгө гарган бий болгож байгаа шинэ хэлбэрийн цэцэрлэг бөгөөд цэцэрлэг хүрэлцээгүй Токио, Оосака гэх мэт том хотуудад илүү олон төвлөрсөн байдаг.
Төлбөрийн хувьд халамжийн цэцэрлэг эцэг эхийн татварын мэдүүлэгт үндэслэсэн харьцангуй хямд төлбөртэй, ажилладаг аав ээжид зориулагдсан тул урт цагаар харж өгдөг, хагас сайн өдөр ажилладаг зэргээрээ давуу талтай байдаг.
Xаламжийн цэцэрлэгт орох нөхцөл дараах нөхцлүүд байна.
▪︎ Аав ээж нь хоёулаа ажилладаг байх
▪︎ Аав ээж нь хувиараа бизнес эрхэлдэг байх
▪︎ Төрөхийн өмнө болон дараах үе
▪︎ Аав ээж нь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй бол
▪︎ Настай хүн асардаг байх
▪︎ Байгалийн гамшигт нэрвэгдсэн тохиолдолд цэцэрлэгт орох боломжтой болно.
Эдгээр шаардлага хангасан хүмүүсийг эрэмбэлээд, өндөр оноо авсан дээгүүр жагсаж байгаа айлын хүүхдийг цэцэрлэгт оруулдаг. Дараах зүйлсийг анхаарч эрэмбэлнэ.
Үүнд:
▪︎ Аав ээж нь аль аль эзгүй гадаад эсвэл өөр хотод байгаа гэр бүл
▪︎ Ганц бие аав ээж
▪︎ Улсын халамжинд байдаг гэр бүл
▪︎ Ах дүү нь тухайн цэцэрлэгт байдаг гэр бүл
▪︎ Ах дүү хоёр хамтдаа өргөдөл өгсөн гэр бүл
▪︎ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эсвэл тусгай халамж шаардлагатай хүүхэд гэх мэт шалгууруудад үндэслэн эрэмбэлнэ.
Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд өөрийнхөө оршин суугаа газрын харъяа дүүрэг, хотын захиргааны байранд очиж асуух юмуу, цахим хуудсаар нь орж судлах хэрэгтэй.
Өргөдөл хүлээн авах хугацааг нь харж байгаад өгөх хэрэгтэй.
Ямар бичиг баримт бүрдүүлэхийг дүүргийн ажилтан зааварчлаад өгдөг.
Хүүхдээ цэцэрлэгт оруулах хамгийн чухал бичиг баримт бол "ажилладаг" гэсэн тодорхойлолт юм.
Өргөдлийн маягтан дээр 5 хүртэл цэцэрлэг сонгож болдог.
Аль цэцэрлэгт хэдэн хүүхэд авах вэ гэдгийг бичсэн мэдээлэл бас хамт өгдөг.
Жишээлбэл миний амьдардаг хот сар бүрийн 15ны дотор хүртэл өргөдөл хүлээн авдаг.
Хүүхдээ цэцэрлэгт өгөх зайлшгүй шаардлагатай гэдгээ л аав ээж батлах, аль болох өндөр оноо авахаар бичиг баримтаа бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Мөн харьцангуй хүн цөөтэй ороход амархан дүүрэг хот гэж байдаг.
Харьцангуй хэцүү хот дүүрэг гэж бас байдаг.
Энэ бүхнийг бусад хүмүүсээс асууж мэдээлэл цуглуулах хэрэгтэй.
Эцсийн шийд гарсны дараа дүүргээс захидал ирж мэдэгдэх бөгөөд тэнцсэн үед цэцэрлэгтэй холбоо барих утас өгдөг.
Цэцэрлэгээс мөн утсаар залгана.
Ингээд цэцэрлэгтэй танилцах өдрийг товлоод очиж уулзана.
Хэрэгтэй бэлдэх зүйлсийг хэлж өгнө.
Ganaa Ganaa
А.Галбадрах 2026.09.20