29/07/2026
Банк, санхүүгийн байгууллага ба ISO9001
Кэйс 1:
Үйлчлүүлэгч талаас:
- Өөрт тохирсон зээлийн бүтээгдэхүүн нь аль нь байж болох, түүнийг авахад ямар шалгуур хангах, ямар мэдээлэл материал бүрдүүлэх, тэр нь ямар форм загвартай байх, ямар сувгаар өгөх гэх мэт үе шат бүр хувилбар салаа мөчрүүдэд задарч үйлчлүүлэгч өдөр, долоо хоног, хэдэн сараар нааш цааш явсаар залхдаг, нэг банкаас нөгөө банк руу түгжирсээр. Эцсийн эцэст ажил, цаг хугацаа алдан хөөцөлдсөний үр дүнд боломжгүй гэсэн хариу авах, эсвэл боломжтой байлаа ч хэрэгцээт мөчлөг нь өнгөрсөн байх нь олонтаа... Энэ "алдагдал"-ыг 00 рүү тэмүүлэхэд ISO9001-ийг хэрхэн ашиглаж болох вэ...
Банкны эрсдэл талаас:
- Ихэнх банкны бүтцээс харахад зээлийн бүтээгдэхүүний хөгжил нь хуулийн болон санхүүгийн эрсдлийг хаахад төвлөрсөн байх, илүү найдвартай, цөөн, томоохон үйлчлүүлэгчийг тойрсон менежментийн шийдлүүд хөгжсөн.
- Өөрөөр хэлбэл олон нэр төрлийн бүтээгдэхүүний санаачлага гаргах боловч, тэр бүрийг ажил хэрэг болгож хөгжүүлэх тусгайлсан дэд бүтцүүдээ хөгжүүлэлгүй орхисноор "хүнд сурталтай", бүтээмж үр ашиг муутай гэсэн асуудлуудад булагдсаар.
Ажилтны бүтээмж, өрсөлдөөн талаас:
- Анх үйлчлүүлэгч тухайн салбар, ажилтанд хандсан "log" хяналт байхгүйгээс тухайн үйлчлүүлэгчийг хэдэн удаа буцаасан, хэдэн удаа бүрдүүлбэрт өөрчлөлт орсон, хэр хугацааг зарцуулсан, хүнд суртал үзүүлснийг хэмжих боломжгүй болгодог.
- Ажилтны хувьд хувийн менежмент ур чадвараа ашиглан зарим заль хэрэглэх нь бий. Тухайлбал хандсан бүх үйлчлүүлэгчид тохирох "зэмсэг" буюу форм, загвар, процесс, суваг, хяналт нь тодорхойгүй тул нэн тэргүүний найдвартай гэж үзсэн үйлчлүүлэгчид дээрээ төвлөрч, харин бусдад нь өнөөх "нэмэлт" шаардлага, бүрдүүлбэр, формат загварыг өөрчлөх, тодорхойгүй хариу өгөх замаар хугацаа хожиж "гомдол" хүлээн авахгүй байх зорилгоо биелүүлчихдэг.
Ямар харилцагчтай хэрхэн харилцах бодлогоо ойлгох, тодорхойлох, ингэхийн тулд "бодит" дата мэдээллийг хүлээн авах нь нэн чухал юм. Түүнд үндэслэн байгууллагын "мэргэжлийн" бүтээгдэхүүн хөгжүүлэлт бодлого тодорхойлох хүн, хэлтэс бүтэц өөрийн хийх ажлаа ийнхүү фронт лайн дээрээ алдчихаж буй хэрэг юм.
ISO9001-ийн түлхүүр зөвлөмжүүдийг ашиглах, хэрэглэх, хөрсөн дээр буулгаснаар банк, санхүүгийн байгууллагын нийт зээлийн ажилтнуудын хэмжээний "явцын хэмжилт" бүтээмжийн мэдээлэл, харьцуулалтыг хийх замаар бүтээмж, ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжтой юм.