28/06/2026
"ТӨР БОЛОН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН МЕГА ТӨСӨЛД НЭМЭРГҮЙ АЙЛЧЛАЛЫГ ЗОГСООЖ, ШИЙДВЭР ГАРГАЛТАД ТӨВЛӨРЬЕ!"
15 гаруй жил барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарт, тэр дундаа Оюу Толгойн дэлхийн хэмжээний мега төслүүд дээр ажилласан инженерийн хувьд нэг том ялгааг үргэлж анзаарч ирсэн.
Олон улсын мега төслүүд дээр удирдлагуудын гол ажил нь өдөр бүр талбайгаар явж зураг авах биш.
Тэдний ажил бол:
- Стратеги боловсруулах.
- Эрсдэлийг урьдчилан тооцох.
- Шийдвэр гаргах.
- Саад тотгорыг арилгах.
- Багийг ажиллах нөхцөлөөр хангах.
- Төслийг хугацаа, төсөв, чанар, эрсдэлээр удирдах.
Харин инженерүүд өдөр бүр **Pre-Start Meeting** хийж:
* өчигдрийн гүйцэтгэлээ тайлагнана,
* өнөөдрийн ажлаа төлөвлөнө,
* эрсдэлээ хэлэлцэнэ,
* эрх мэдлийнхээ хүрээнд асуудлаа шууд шийднэ.
Зөвхөн шийдвэрлэх боломжгүй асуудлаа л удирдлагад хүргэж, стратегийн түвшний шийдвэр гаргуулдаг. Ингэснээр инженерүүд ажлаа хийж, удирдлагууд удирдлагаа хийдэг.
Харин төрийн зарим мега төслүүд дээр өөр дүр зураг харагддаг.
Өдөр алгасахгүй:
* янз бүрийн дарга,
* ажлын хэсэг,
* хяналт шалгалт,
* комисс,
* танилцах айлчлал,
* зураг авалт,
* хэвлэлийн баг.
Тэгээд хамгийн чухал асуулт хариултгүй үлддэг. Яг ямар асуудлыг шийдэх гэж ирсэн бэ?
* Ямар шийдвэр газар дээр нь гарсан бэ?
* Ямар саад арилсан бэ?
* Хугацаа хэдэн хоногоор урагшилсан бэ?
* Эрсдэл хэрхэн буурсан бэ?
Хэрэв эдгээр асуултад бодит хариулт байхгүй бол ийм айлчлал төслийн бодит үнэ цэнийг нэмэхгүй.
Харин:
* инженерүүд үндсэн ажлаа түр зогсооно,
* танилцуулга бэлдэнэ,
* хүмүүс дагалдан явна,
* ажлын урсгал тасалдана,
* бүтээмж буурна.
Эцэст нь хохирдог нь зураг дээр харагддаггүй.
Хохирдог нь:
* төслийн хугацаа,
* төсөв,
* инженерүүдийн бүтээмж,
* татвар төлөгчдийн мөнгө.
# # # #Миний санал
Төр, нийслэл болон төрийн өмчит байгууллагуудын удирдлагуудад нэг хүсэлт байна.
"Төслийн бодит үр дүн авчрахгүй, зөвхөн танилцах, зураг авах, хэвлэл мэдээллийн зориулалттай айлчлалуудыг эрс багасгая."
Талбайн үзлэг өөрөө буруу биш.
Гэхдээ айлчлал бүр дараах асуултад тодорхой хариулттай байх ёстой.
* Ямар асуудлыг шийдэх гэж очиж байна?
* Ямар шийдвэрийг газар дээр нь гаргах вэ?
* Ямар саадыг арилгах вэ?
* Төсөлд ямар бодит үнэ цэнэ бий болгох вэ?
Хэрэв "ЧӨЛӨӨЛЬЕ" хөдөлгөөн үнэхээр төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой бол зөвхөн бүтэц, орон тоог биш, "төслийн менежментийн соёлыг ч шинэчлэх" шаардлагатай.
* Давхардсан айлчлалыг багасгах.
* Инженерүүдэд ажлаа хийх боломж олгох.
* Удирдлагын цагийг стратегийн шийдвэр гаргалтад зориулах.
* Төслийг зураг, хэвлэлийн мэдээгээр биш KPI, хугацаа, төсөв, чанар, аюулгүй ажиллагаа, бодит үр дүнгээр үнэлдэг тогтолцоог бүрдүүлэх.
Жинхэнэ манлайлал бол өдөр бүр талбайгаар зураг авах биш, саад тотгорыг арилгаж, инженерүүдийг ажлаа хийх нөхцөлөөр хангах явдал юм.
"Төслийг зураг биш, үр дүнгээр удирддаг цаг ирэх ёстой."
#Чөлөөлье