19/08/2026
Ойрд Метагаар донсолгоо ихтэй байгаа . Ойрд ч гэж дээ. 2023 оноос хойш “мандаж” буй хэрэг одоо ч үргэлжилсээр даамжираад буй нь энэ юм.
Meta Platforms компани залуу хэрэглэгчдийн сошиал сүлжээний хяналтгүй хэрэглээг зориуд дэмжихээр Facebook, Instagram-ийн алгоритмыг тохируулсан гэх нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хурал мягмар гарагт эхэллээ.
АНУ-ын 29 мужийн нэгдэж гаргасан энэхүү нэхэмжлэл нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй технологийн компаниудын нэг болох Meta-д асар том эрсдэл дагуулах боломжтой юм.
Шүүх хурлаар муж тус бүрийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон АНУ-ын Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн эсэхийг хэлэлцэх тул нэг зөрчил тутамд 20 мянган ам.доллар хүртэлх торгууль ногдуулах ч магадлалтай аж.
Instagram, Facebook-ийн олон сая залуу хэрэглэгчээр тооцвол торгуулийн дүн төдий чинээгээр үржигдэж, шүүхэд ялагдсан тохиолдолд торгуулийн хэмжээ 1.4 их наяд ам.долларт ч хүрч болзошгүйг Meta-ийн өөрийн тооцоолол харуулж байна. Энэ нь компанийн зах зээлийн үнэлгээтэй ойролцоо бөгөөд хууль эрх зүйн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй өндөр торгуулийн дүн болох юм.