19/08/2026
💢БИ БҮХ ЗҮЙЛИЙГ ЗӨВ ХИЙСЭН БАЙТАЛ, ЯАГААД ЮУ Ч БҮТСЭНГҮЙ ВЭ?
Бараг хүн бүр ядаж нэг удаа энэ асуултыг өөртөө тавьж байсан байх. Онц сайн сурсан, Ихийг хийж бүтээсэн, Бүхнийг урьдчилан тооцоолсон, Ухаалаг төлөвлөгөөгөө ягштал дагасан гэтэл үр дүн хүлээснээс шал өөр гарах нь бий.
Энэ нь биднийг багаас минь шугаман байдлаар сэтгэж сургасантай ихээхэн холбоотой байдаг.
Сайн сурвал → сайн ажилд орно.
Их ажиллавал → их мөнгө олно.
Бусдад тааламжтай байвал → хүмүүс чамд сайн хандана.
Энэ бүх тохиолдолд ертөнцийг харах ганцхан дүр зураг л үйлчилдэг: А нь Б-д хүргэнэ. Гаргасан хүчин чармайлт үр дүнтэйгээ бараг тэнцүү байна.
*️⃣ Асуудал нь юу вэ гэвэл, бодит байдал дээр ихэнхдээ ингэж ажилладаггүй.
20-р зууны шинжлэх ухааны хамгийн чухал дүгнэлтүүдийн нэг бол бидний эргэн тойронд байгаа олон системүүд "шугаман бус" (non-linear) шинж чанартай гэдэг явдал юм. Эхэнд гарсан өчүүхэн өөрчлөлт сүүлдээ асар том үр дагаварт хүргэж мэднэ. Харин асар их хүчин чармайлт заримдаа үнэхээр өчүүхэн үр дүн авчрах нь бий.
Тийм ч учраас ертөнц үе үе шударга бус мэт санагддаг. Бид нөхцөл байдлыг «Би X-ийг оруулсан юм чинь Y-ийг авах ёстой» гэсэн томьёогоор тархийг чинь програмчилсан байтал, систем тэс өөр дүрмээр ажилладаг.
Заримдаа санамсаргүй хэн нэгэнтэй танилцах нь хэдэн жилийн нөр их хөдөлмөрөөс ч илүүгээр карьерыг өөрчилнө. Заримдаа өнөөдөр гаргасан жижигхэн шийдвэр таван жилийн дараах бүх амьдралыг тодорхойлно. Заримдаа хэдэн мянган километрийн цаана болсон үйл явдал бүхэл бүтэн салбарын хувь заяаг эргүүлдэг.
*️⃣Сэтгэлгээний хамгийн аюултай төөрөгдлүүдийн нэг нь:
«Хэрвээ би бүхнийг зөв хийсэн бол, ертөнц надад хүлээгдэж буй үр дүнг өгөх үүрэгтэй» гэх хандлага юм.
Үгүй, тийм үүрэггүйг ойлго, хүлээн зөвшөөр. Баян аав ядуу аав, Ажилтанд хүрэх түлхүүр, Secret гэх мэт комершиал номоо март.
Нарийн нийлмэл системд хүчин чармайлт болон үр дүн хоёр шууд хамааралтай байх нь ховор. Энэ нь хичээж зүтгэх нь ашиггүй гэсэн үг огт бишүү. Харин цорын ганц "зөв" хувилбарыг хайхын оронд МАГАДЛАЛ, ТААМАГЛАЛ, ТОДОРХОЙГҮЙ байдалтай ажиллаж, түүнээсээ таашаал авч сурах нь илүү үр дүнтэй, тустай гэсэн үг юм.
Сургуульд байх хугацааны ихэнх хэсэгт биднийг зөвхөн "зөв хариулттай" бодлогуудад л бэлтгэж ирсэн нь үүнийг ойлгоход хамгийн том саад болдог. Нөхцөл нь тодорхой, амжилтын шалгуур нь ойлгомжтой.
*️⃣Амьдралын хамгийн чухал асуудлууд тэс өөр бүтэцтэй байдаг:
Ямар мэргэжил сонгох вэ?
Бизнесээ эхлүүлэх үү?
Өөр улс руу нүүх үү?
Энэ хүнтэй суух уу?
Цаг хугацаа, эрч хүч, мөнгөө юунд хөрөнгө оруулах вэ?
📌 Эдгээр асуултуудад сурах бичгийн ард байдаг шиг бэлэн хариулт байхгүй. Орчин үеийн логикт үүнийг "Тодорхой бус зорилтууд" (ill-defined problems) гэж нэрлэдэг. Мэдээлэл бүрэн гүйцэд биш, ирээдүйг таамаглах аргагүй үед шийдвэр гаргах шаардлагатай болдог яг ийм л нөхцөл байдлуудаас бодит амьдрал бүрддэг юм шүү дүү нар минь.
#СэтгэлЗүй #БодитБайдал #Сэтгэлгээ #ШинжЛэхУхаан #АмьдралынЛогик